Япончууд хиймлээр “солирын бороо” оруулахаар төлөвлөж байна

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2018-12-13 16:35:41
ТОКИО. /RIA Novosti/. Япон улс дэлхийд анх удаа хиймлээр “солирын бороо” оруулах зорилгоор ирэх нэгдүгээр сард хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай энэ сонирхолтой төслийг хэрэгжүүлж буй "ALE" гэдэг Токиогийн хувийн компани мэдээлжээ.

Тус компанийн хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, хиймэл дагуулыг Японы "JAXA" сансрын агентлагийн "Эпсилон-4" зөөгч пуужингаар хөөргөж, тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа бол “солирын бороог” 2020 оны хавар Хирошима мужийн 200 км-ын радиустай орчин тойронд оруулах ажээ. Уг үзэгдлийг зургаан сая хүн ажиглах боломжтой ажээ.

Хиймэл дагуулд 400 ширхэг металл бөмбөлөг ачих бөгөөд бөмбөлгүүд агаар мандлын нягт давхаргад орох үед дэлхийгээс 60 км-ын өндөрт шатаж, солирын үзэгдлийг бий болгох гэнэ. Бөмбөлгүүдийн диаметр нь нэг см-ээс хэтрэхгүй байна. Харин хиймэл дагуул нь дэлхийгээс 400 км зайтай газар байрлах аж. Хиймэл “солирын бороо” нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхгүй гэж ALE компанийнхан мэдээлжээ.

"Эпсилон-4" зөөгч пуужинг нэгдүгээр сарын 17-нд Номхон далайн эрэгт оршдог Кагошима мужийн Утинору сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай JAXA агентлаг мөн пүрэв гарагт мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ