УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар 4 дэх удаагаа хойшиллоо

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-12-14 13:01:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.14) нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас дахин хойшлогдлоо.УИХ-ын даргыг огцруулах тухай нэр бүхий 38 гишүүнээс ирүүлсэн шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх болсон. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарах хүртэл УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг удирдахгүй болсноо мэдэгдсэн юм. Ингээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг удирдахаар болсон.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал мөн л хэлэлцэгдэлгүй дөрвөн хуралдаан дамналаа. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа энэ үед, монголчууд хүнстэй өвөлжих үү, хүнсгүй өвөлжих үү, гурилын үйлдвэрүүд энэ жил хураан авсан буудайгаа гурил болгож чадах уу, үгүй юу гэсэн асуудал хоолой дээр тулаад байхад салбарын сайдаа томилж чадаагүй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сантай холбоотой алдаа завхралыг засах асуудлыг шийдэх ёстой УИХ-ын Түр хороо байгуулах асуудлыг шийдэж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан байгаа" хэмээгээд чуулганд ирээгүй гишүүдийн нэрсийг тойрог тус бүрээр нь танилцуулан, хуралдаандаа суухыг шаардсан ч ирц бүрдсэнгүй.

Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшилж байгааг танилцууллаа.

Холбоотой мэдээ