Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-12-14 13:51:40
БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Brexit-ийн асуудлаар хүрсэн тохиролцооны талаар Европын Холбоо /ЕХ/ Их Британид тайлбар өгөхөд бэлэн байгаа боловч уг гэрээг дахин хянан хэлэлцэх төлөвлөгөөгүй байна гэж Европын комиссын тэргүүн Жан Клод Юнкер тус холбооны дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгджээ.

ЕХ-ны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт Бельгийн нийслэл Брюссель хотод эхлээд 28 орон-Их Британи хэлбэрээр дараа нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн оролцоогүйгээр болсон байна.

Лондон болон Брюссель 2019 оны гуравдугаар сарын 29-нд Их Британийг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах нөхцөлийг тодорхойлсон зүйл заалтын талаарх олон тооны хэлэлцээг өнгөрсөн 10 дугаар сард хийсэн юм. Brexit-ийн асуудлаарх гэрээний төслийг хэлэлцэх явцад нэлээд саад учруулж байсан зүйл бол ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэх Ирланд улс болон Их Британийн бүрэлдэхүүнд үлдэх Умард Ирланд хооронд хилийн бүс тогтоох эсэх тухай асуудал байв.

Гэрээнд зааснаар, хэрэв тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Умард Ирланд нь Их Британи болон ЕХ-ны гаалийн нутаг дэвсгэрт багтсан онцгой нутаг дэвсгэр болно. Өөрөөр хэлбэл, Их Британи болон ЕХ Умард Ирландад зориулж гаалийн тусгай хуулийг зөвшилцөн батлах, мөн бараа бүтээгдэхүүний эргэлтийг хамтран хянах зайлшгүй шаардлагатай болно гэсэн үг юм. Энэ “хамгаалалтын механизм”-ийн хүчинтэй хугацааг зөвхөн Их Британи болон ЕХ-ны хамтарсан тусгай комисс дуусгах аж.


Холбоотой мэдээ