Эх орны минь хөрснөөс олдсон алт нэг бүрийг Эрдэнэсийн сандаа тушааж байхсан

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-12-15 16:39:57


Example

“Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” сэдэвт шилдэг нийтлэлийн уралдаанд.

    Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи 20 гаруй жилийн хугацаанд монголын ард түмэн амьдрал ахуйгаа залгуулахын тулд юм юм л хийж ирсэн гэхэд хилсдэхгүй. Ялангуяа уул уурхайн салбарт цоо шинэ эргэлт гарч ирсэн гэхэд болно. Тодруулбал, нинжа буюу арай жаахан боловсноор хэлбэл гар аргаар алт олборлож, амьдрал ахуйгаа залгуулдаг иргэд эх орны минь өнцөг булан бүрт бий болоод уджээ.  Увс аймгийн хувьд гэхэд 300 гаруй иргэн гар аргаар алт олборлодог гэсэн албан бус судалгаа байдаг. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд гар аргаар алт олборлогчдын тоо эрс нэмэгддэг байна. Эдгээр иргэд нь ихэвчлэн Увс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцал болон Өмнөговь сумын нутаг Орлогын гол, Түргэн сумын нутаг Улаанначин орчмоос гар аргаар алт олборлодог байна. Гар аргаар алт олборлогчдыг ажиллуулахгүй, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна, зөвшөөрөлгүй дур мэдэн газрын хөрсийг эвдлээ хэмээн аймаг, сумын удирдлагууд, хууль хүчний байгууллагуудтай хамтран албадан буулгадаг байсан үе саяхан. Гэвч сүүлийн жилүүдэд гар аргаар алт олборлогчдыг нөхөрлөлийн журмаар ажиллуулж, аймаг орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэхийг шаарддаг болсны дагуу гар аргаар алт олборлогчид хэсэг хэсгээрээ нэгдэж, 20 гаруй нөхөрлөлийг байгуулсан байна. Эдгээр нөхөрлөлүүд нь сардаа тодорхой хэмжээний татварыг аймгийн төсөвт оруулдаг аж. Гар аргаар алт олборлогчид жилдээ хэдий хэмжээний алт олборлодог, түүнийгээ хаана, хэнд худалдан борлуулдаг талаар тус аймагт ямар ч бодитой тоо баримт байхгүй байгаа нь харамсалтай хэрэг юм.

  Харин Монголбанкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг энэ онд хэрэгжүүлж буй тухай Увс аймаг дахь Монголбанкны салбараас орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлж, Улаангом хот орох орох гарах зам дээр самбар хүртэл байршуулсан нь сайшаалтай байна. Тэрчлэн Өмнөговь, Тариалан, Түргэн сумын нутагт гар аргаар алт олборлож буй 360 гаруй иргэнд өнгөрсөн 8-р сард газар дээр нь очиж энэ аяны талаар сургалт хийжээ. Үүний үр дүнд Тариалан сумын нутгаас олдсон 915,3 грамм жинтэй байгалийн төрц алтыг Монголбанкны Эрдэнэсийн сан 10 хувийн нэмэгдэл үнээр өнгөрсөн 9-р сарын 4-нд худалдан авсан  байна. Ер нь бол байгалийн төрц алт олдож байсан тохиолдол ховор бөгөөд ямартай ч энэ аяны хүрээнд энэхүү төрц алтыг эх орныхоо Эрдэнэсийн санд авч үлдэж чадсан нь үнэхээр сайн хэрэг юм. Хэрэвзээ гар дээрээс алт худалдан авч борлуулдаг хүмүүсийн гараар дамжсан бол энэхүү байгалийн төрц алт урагшаа хилээр гарахыг ч үгүйсгэх аргагүй юм. Харин Монголбанкны Эрдэнэсийн санд тушааснаар тухайн алтыг зах зээлийн үнээр нь худалдан борлуулснаас гадна 10 хувийн нэмэгдэл авч байгаа нь бас нэг давуу тал болж байна. Болдогсон бол эх орны минь хөрснөөс олдсон алт нэг бүрийг Эрдэнэсийн сандаа л тушааж баймаар санагдана.

  Увс аймгийн нутаг дэвсгэрээс алт олборлох болсноос хойш олон гол горхи ширгэж, бэлчээр нутаг цөлжиж байна. Учир мэдэх зарим хүмүүс “Ухаж биш, ургуулж хөгжье” сэдвийн дор алт ухахаа больж, чацаргана тариалъя гэдэг санааг дэвшүүлж байсан удаатай. Уг нь бол зөв л сэдэл. Чацарганы нэг модноос дунджаар 15 кг жимс авдаг бөгөөд үүнийг зах зээлийн үнээр дунджаар 5 мянган төгрөгөөр кг тутмыг нь худалдаалвал 75 мянган төгрөг болж байна. Чацарганы ийм 100 ширхэг модтой хүн гэхэд жилдээ 7,5 сая төгрөг өлхөн олчихно. Дээрээс нь чацарганы үрсэлгээ хийж зарж болно. Нэг ширхэг суулгац хамгийн багадаа 3000 төгрөг. Мянган ширхэг суулгацыг хавартаа зарлаа гэхэд 3 сая төгрөг олчихно. Чацарганы аж ахуй эрхэлж, энэ мэтээр амьдралаа авч явдаг олон хувь хүн, аж ахуйн нэгж Увс аймагт бий. Чухамхүү тэдний зүгээс ийнхүү “Ухаж биш, ургуулж хөгжье” сэдвийг байнга хөндөж, байгаль орчноо ухаж төнхөлгүй харин ургамал хөрс ургуулж, ногоон байгууламж бий болгож, цаашлаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймаг орон нутгаа хөгжүүлье гэсэн санааг байнга дэвшүүлдэг юм. Гэвч ийм төрлийн хөдөлмөр эрхлэхгүйгээр илүү амар хялбар аргаар, ялангуяа алт ухаж байгаль дэлхийгээ сүйтгэж мөнгө олохыг хүсэгчдийн бүхэл бүтэн арми бий болсон нь харамсалтай. Техник технлоги хөгжихийн хэрээр тэдний хөдөлмөрийн багаж зэвсэг хүртэл улам оворжиж, байгаль орчинд илүү их хор хөнөөл авч ирэх болсон нь дэндүү харамсмаар байна.

Алт олборлож байгаа аж ахуйн нэгж, компани болон хувь хүмүүсийн алтыг худалдан авдаг хүмүүст ч гэсэн хатуу хяналт тавимаар санагдана. Болдогсон бол Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулагдсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг Увс аймагт ч гэсэн нээх юмсан.

Эцэст нь “Манай Монгол мандан хөгжөнө” хэмээн нэгэн ухаантны хэлсэн үгээр нийтлэлээ өндөрлүүлэе дээ. Тэр сайхан цаг бушуухан ирэх болтугай.

МОНЦАМЭ агентлагийн Увс аймаг дахь сурвалжлагч Б.Батхүү

Холбоотой мэдээ