ЕБС-ийн кабинет, лаборатори байгуулах журам шинэчлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-12-17 16:59:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын тушаалаар ЕБС-иудад кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журам шинэчлэгдэн батлагдлаа.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр ЕБС-иудын бие даасан байдлыг хангах, сургуулиуд өөрт хэрэгцээ шаардлагатай байгаа кабинет, лабораторийг байгуулах боломжтой болох, ингэснээр бүтээлч байдал өсөн нэмэгдэнэ гэж салбар яамны зүгээс үзэж байна.

Журам нь үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд кабинет, лаборатори байгуулах, ашиглах үйл ажиллагаанд хамтын оролцоог хангах, ил тод, нээлттэй байх зарчим баримтлах бөгөөд журмаар дор дурдсан харилцааг зохицуулахаар тусгажээ.

Кабинет, лаборатори байгуулах, ашиглах зорилго, “лаборатори” гэж юуг ойлгохыг тус тус тодорхойлсон;

Кабинет, лаборатори байгуулах, ашиглахтай холбогдох бүхий л харилцааг сургуулийн түвшинд заах аргын нэгдлийн саналыг харгалзан багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн хамтын шийдвэр гаргаж сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулах;

Кабинет, лаборатори нь тогтвортой ажиллагаатай байх, тэдгээрийг ашиглах, сургалтын багц материалыг баяжуулах, шинэчлэхэд багш нар хамтран ажиллах;

Кабинет, лаборатори шаардлага хангаж буй эсэхэд хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт гаргах ажлын хэсгийг захирлын тушаалаар томилон ажиллуулах;

Багш нарын зөвлөлийн хуралд нийт багшийн 90-ээс дээш хувь нь заавал оролцсон байх бөгөөд хуралд оролцсон багш нарын 80-аас дээш хувь нь тухайн хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүчинтэйд тооцох;

Кабинет, лабораторид жил бүрийн 11 дүгээр сард багтаан үнэлгээ хийж, цаашид тухайн кабинет, лабораторийг ажиллуулах эсхүл хугацаатай даалгавар өгөх болон татан буулгах эсэх асуудлыг шийдвэрлэх;

Кабинет, лабораторид байх сургалтын багц материалыг тодорхойлж, тэдгээрийг байнгын ашиглалтад байлгах бөгөөд тэдгээр нь суралцагчдад хүртээмжтэй байх;

Кабинет, лабораторийн үйл ажиллагааны тайланг хариуцсан багш заах аргын нэгдлийн бусад багш нартай хамтран тухайн хичээлийн жилийн төгсгөлд багш нарын зөвлөлд танилцуулах.

 

Энэхүү журмыг 2018-2019 оны хичээлийн жилд кабинет, лаборатори шинээр байгуулахад, 2019-2020 оны хичээлийн жилээс бүрэн мөрдөж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болголоо.

 

 

Холбоотой мэдээ