КОЙКА, НҮБ-ын Хүүхдийн Сан орон нутагт ус, ариун цэврийн чиглэлээр ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-17 17:58:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийт 5.1 сая ам.долларын төсөв бүхий тус төслийг ирэх 3 жилийн хугацаанд Баянхонгор, Говь Алтай, Завхан аймагт үндэсний болон орон нутгийн удирдлага, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд ус хангамж, ариун цэврийн үйлчилгээтэй холбоотой бодлого, төлөвлөгөө гаргах орон нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан, уур амьсгалын хүнд нөхцөлд тэсвэртэй ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг хүүхдүүдэд нэмэгдүүлэх, байгалийн аливаа гамшгийн үед ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрсдлийг бууруулах чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах аж.

Монгол Улс газар зүйн байршил, ард иргэдийн амьдралын хэв маяг, эдийн засгийн нөхцлөөс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд асар өртөмтгий байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн дүнд Монголд байгалийн гамшгийн тоо нэмэгдэх, ган, хуурайшилт эрчимжих, өвөл орох хур тунадасны хэмжээ нэмэгдэх, цэвдэг, мөс хайлах зэрэг сөрөг үр нөлөө гарах эрсдэлтэй. Хэт халалт, агаар болон усны бохирдол, үер, гангийн давтамж нэмэгдэх зэргээс шалтгаалан хүн амын эрүүл мэнд, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагаад нэмэгдэх аюултай.

Тиймээс эдгээр болзошгүй эрсдлийг даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицоход нь орон нутгийн ард иргэд, удирдлагын мэдлэг, чадварыг дээшлүүлэх нь дээрх төслийн зорилго юм. Тухайлбал, орон нутгийн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төвүүдэд уур амьсгалд тэсвэртэй ус, ариун цэврийн байгууламж байгуулах сайн загвар, туршлагыг нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах болон өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө зэргийг гаргахад орон нутагт дэмжлэг үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна

Холбоотой мэдээ