Хууль бусаар буга агнасан этгээдэд “Бэмби” үзэх ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-18 12:57:44

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Миссури муж улсын Шүүх олон зуун бугыг хууль бусаар агнасан Дэвид Берри гэгч этгээдэд нэг жил шоронд хорих ял ногдуулсан байна. Түүнчлэн тэрбээр ял эдлэх хугацаандаа “Уолт Дисней” компанийн дэлгэцийн уран бүтээл “Бэмби” хүүхэлдэйн киног сар тутам үзэхээр болжээ.


Берригийнхэн буюу Д.Берригийн аав, хоёр ах болон тэдэнд ан хийх, загасчлах хийгээд түр болон байнгын урхи тавихад нь тусалсан өөр нэг эрэгтэйд 51 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна.


Д.Берри эхний “Бэмби” киног энэ сарын 23-наас өмнө үзсэн байх бөгөөд түүнээс хойш сар тутамд наад зах нь нэг удаа уг хүүхэлдэйн киног үзэх ажээ.


Канзас, Небраска муж улс болон Канадад гарсан бугын хууль бус анг цагдаагийн газрын ажилтнууд есөн сар орчмын турш мөрдсөний дүнд өнгөрсөн наймдугаар сард Д.Берригийн аав болон ахыг баривчилжээ.


Мөрдөн шалгах ажиллагааны дүнд 11 тойрогт гарсан 230 хэрэгт холбогдогч нийт 14 иргэнд ял ногдуулсан байна. 

Холбоотой мэдээ