О.Мэдэхгүй:Бэлчээрийн доройтлыг арилгах бодитой арга хэмжээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-18 21:49:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг суманд 2019 онд доройтсон бэлчээрийг зайнаас тандан судлах нөхөн сэргээх, туршилт судалгааны төвийг байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгыг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлэн барихаар төлөвлөөд байна. Энэ талаар Монгол Улсын төрийн соёрхолт, мал зүйч Очирсүрэнгийн Мэдэхгүйтэй ярилцлаа.

- Бэлчээрийн доройтлын өнөөгийн байдал ямар байна. Ер нь бэлчээр дархагдалд орлоо гэж их ярьж байгаа ч дорвитой хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ байхгүй байх шиг.

- Манай аймгийн хувьд бэлчээрийн асуудал санаа зовоосон зүйлийн нэг боллоо. Дэлхийн цаг агаарын өөрчлөлт олон улсын судалгаагаар бэлчээрт харьцангуй бага нөлөөлж байна гэж гарсан байдаг. Ер нь гарч байгаа сөрөг нөлөөллийн17-20 хувь нь дэлхийн цаг агаарын өөрчлөлт, үлдсэн 80 хувь нь бэлчээрийг зүй зохистой ашиглаж чадахгүйгээс, хүний хүчин зүйлийн улмаас болж доройтолд орж байна гэсэн судалгаа байдаг юм билээ.

Энэ дагуу бид малчдаас санал гомдлыг нь авч 2006 онд анхны “Бэлчээрийн төлөв байдал”-ын судалгаа хийсэн. Судалгаагаар Булган аймгийн нийт бэлчээрийн 64 хувь нь ямар нэгэн байдлаар доройтолд оржээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

2010 онд Булган аймгийн бэлчээрийн талаар баримтлах бодлого гэсэн баримт бичгийг баталж гаргасан. Энэ баримт бичгийн хүрээнд манай аймаг дорвитой арга хэмжээ авч чадаагүй л дээ. Малчдаас ирсэн саналын дагуу 2014 онд ШУА-ийн газар зүйн хүрээлэн, ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтраад Булган аймгийн бэлчээрийн төлөв байдал, цөлжилтийн судалгааг хийсэн. Тэгтэл бэлчээрийн 74 хувь нь доройтолд оржээ гэсэн дүн гарсан. Үүнтэй уялдуулаад бэлчээрийг сайжруулах ямар нэг арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Манай аймгийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь мал аж ахуйн салбараас бүрддэг. Арваад мянган айл өрх бэлчээрийн мал аж ахуйд түшиглэж амьжиргаагаа залгуулж байгаа. Бэлчээр байхгүй бол бэлчээрийн мал аж ахуй байхгүй болно. Үнэхээр сэтгэл зовоосон асуудал.

УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр бидний тавьсан саналыг хөөцөлдөж, хоёр орны Засгийн газрын түвшинд энэ асуудлыг тавьснаар 2016 онд Шанхайд Хятад Монголын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хамгийн тулгамдсан таван асуудлаар хамтран ажиллахаар төлөвлөхөд Булган аймгийн бэлчээрийн асуудлыг оруулсан юм билээ. Энэ гэрээний дагуу БНХАУ-ын ШУА, манай улсын ШУА гэрээ байгуулаад гэрээг Хөх хотын Багшийн их сургууль, манай ШУА-ийн газар зүйн хүрээлэн  судалгааны ажлыг Гурванбулаг суманд эхлээд явж байна. Тэнд суурин судалгааны бааз байгуулж байгаа юм.

- Гурванбулаг сумыг яагаад сонгосон юм бэ?

- Бэлчээр нь хамгийн их доройтсон сум Гурванбулаг. Нийт бэлчээрийнх нь 94.8 хувь нь 2014 оны судалгаагаар доройтолд орсон гэж гарсан. Бэлчээрийн ургамлын зүйлийн бүрдэл нь эрс хомсдсон. Одоо тэнд голлох ургамал нь шарилж байна. Тэр шарилж нь зун харахад их гоё харагдана. Манай дарга нар хараад өө ямар гоё ургацтай юм бэ гэдэг юм. Нов ногоон. Өнгөөрөө хуураад байдаг. Яг мэргэжлийн хүн очоод үзэхээр тэнд мал иддэг өвс өдрийн од шиг болчихсон. Дөрөвхөн төрлийн ургамал ургадаг. Ургамлууд нь давжаараад намхан болчихсон. 10 см өндөр ургадаг ургамлууд нэг хоёр см намхан болсон байна. Мал идчихдэг. Тийм намхан ургамлыг идэхээр хайргатай газар бол малынх нь уруул шархалчихж байгаа юм. Гурванбулаг сумын төвийн хойд талын Шавартын гарамын орчмынхны мал бол уруул нь шархалсан байгаа. Нэгэнт давжаарсан ургамлын үндэснийх нь хөгжил байхгүй болоод нарны гэрэлээс тэжээлээ авч чадахаа болчихдог юм. Ингээд л тухайн ургамал сөнөлтөнд орж байна гэсэн үг. Тийм учраас бэлчээрийн ургамлын 50 хувийг ашиглаад тал хувийг нь өнжөөж нөхөн сэргэж байх зүй тогтолтой юм. Энэ одоо манайд алдагдчихаад байна. Хамгийн аюултай зүйл.

- Доройтсон бэлчээрийг зайнаас тандан судлах нөхөн сэргээх, туршилт судалгааны төвд ямар ажил хийхээр төлөвлөсөн бол?

- Энд монгол орны эрс тэс уур амьсгалтай, тал хээрийн, хуурайшилттай нөхцөлд ямар төрлийн ургамал таривал бэлчээрийн өндөр ач холбогдолтой байх вэ гэдгийг туршиж судална. 2018-2020 онд туршилт судалгааны ажил явагдах юм. Бэлчээрийн ашигтай ургамлыг тогтоогоод түүнийг тариалах буюу энэ төслийн 2-р үе шат 2021 оноос эхэлнэ.

Манай улсад ургаж байгаа найман төрлийн ургамлыг тариалж байна. Эндээс аль ургамал нь илүү үр дүнд хүрэх нь вэ гэдгийг сонгож авна. Сонгож аваад Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тэр ургамлыг тариалж үрийг нь бэлдэж авна. Энэ туршилтын хугацааны бүх хөрөнгийг хятадын Засгийн газар гаргана. Техник тоног төхөөрөмж, манай хүмүүсийг сургах зардал, үр бордоо авчрах гээд бүх зардлыг санхүүжүүлнэ. Ингэж гурван жил яваад үр дүн гарна.

Энэ дээр манай талаас оролцоо бол энэ төвийг барих хөрөнгийн асуудал байсныг манай аймаг шийдэж өглөө. Доройтсон бэлчээрийг зайнаас тандан судлах нөхөн сэргээх, туршилт судалгааны төвийг 300,0 сая төгрөгөөр барихаар төлөвлөөд байгаа юм.

Холбоотой мэдээ