БУЛГАН: “Алдрын цом-2025" таеквондогийн тэмцээнээс 13 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. "Алдар спорт хороо" байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан "Алдрын цом-2025" таеквондогийн тэмцээнээс Булган аймгийн Бүргэд клубийн тамирчид 4 алт, 9 хүрэл медаль хүртжээ.
Тэмцээнийг 2 өдрийн турш бага нас, өсвөр үе, залуучууд насанд хүрэгчдийн А, В, С бүсний ангиллаар зохион байгуулсан юм. Тэмцээнд нийслэл болон орон нутгийн 58 байгууллагын 1500 орчим тамирчин өрсөлдсөн байна.
Булган аймгийн таеквондогийн Бүргэд клубийн 15 тамирчин оролцож 13 медальтай ирсэн байна. Бүргэд клубийн дасгалжуулагч багшаар Монгол улсын спортын мастер С.Ганбаатар, спортын мастер Б.Долгорсүрэн нар ажиллаж Б.Номин, Н.Номинзаяа, Г.Билгүүнжаргал, Ц.Энхтүвшин нар алтан медаль, Н.Энхмөнх, Д.Азбаяр, Ц.Базар, Г.Дөлгөөнжаргал, Б.Мишээл, Н.Ариун-эрдэнэ, Б.Сүлдбаяр, Т.Энхжин, Ц.Цэлмүүнжин нар хүрэл медаль хүртэж, багаараа С ангиллын 6 дугаар байрт орсон байна.
"Бүргэд" клубийн багш Монгол улсын спортын мастер С.Ганбаатар, "Булган аймгийн таеквондогийн клубийг 1996 онд байгуулаад 30-аад жил ажиллаж байна. Анх 6 настай хүү минь таеквондогийн спортыг сонирхож эхлэхэд нь хүүгээ дэмжсээр өөрөө таеквондогийн багш болсон түүхтэй. Манай клубээс Монгол улсын мастер 20 гаруй тамирчин, олон улсын хэмжээний мастер 4 тамирчин төрж, мөн гадаадын 5 улсад 15 тамирчнаа явуулсан, Булган аймагт олон улсын болон улсын чанартай тэмцээн 19 удаа зохион байгуулж, нийт 900 гаруй медаль авсан зэрэг үе үеийн олон тамирчны амжилтаар 30 жилийн ойгоо 2026 онд тэмдэглэх гэж байна. Энэ жил клубт 40 гаруй хүүхэд суралцаж байна, хамгийн бага нь 8 настай тамирчин байгаа" хэмээн ярилаа.


Улаанбаатар