ЧИ-ТА төслийн хүрээнд олон хүн өрхийн орлогоо нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-19 16:56:14

Архангай /МОНЦАМЭ/.  Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр ПИН ОУБ-ын хэрэгжүүлж буй ЧИ-ТА төсөл нь Архангай, Өвөрхангай аймгийн зорилтот 10 суманд 2016-2019 оны хооронд хэрэгжиж, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэдний хөгжлийг дэмжих замаар орлого ашгийг нь нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлага иргэд, бизнес эрхлэгчид болон ИНБ-ын олон талт хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн засаглалын төсөл юм.


Уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд Архангай аймагт олон талын үр өгөөжийг өгчээ.

ЛЭОСангийн Архангай аймаг дахь салбарын менежер Г.Баярхүү:

Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдэд нөлөөлж ажиллаж байна

 

Манай байгууллага ЧИ-ТА төсөлтэй хамтран Архангай аймгийн Хашаат сумын орон нутгийн удирдлага, иргэд, хоршоодтой хамтран ажиллаж байгаа ба Хашаат суманд сум хөгжүүлэх сангийн үйл ‎‎ажиллагааг ил тод болгох, сайжруулах чиглэлээр орон нутгийн удирдлага, холбогдох ‎‎мэргэжилтнүүдэд заавар чиглэл өгч ажиллаж байна. Үүний үр дүнд СХС-ын мэдээлэл ил тод, нээлттэй болж, мэдээллээ тогтмол самбарт байршуулдаг болсон. Мөн Хашаат сумын зорилтот 5 ‎‎хоршоотой бизнес төсөл, төлөвлөгөөг боловсруулж, уг төслийг сум хөгжүүлэх сан болон бусад санхүүжилтийн эх үүсвэртэй холбож ажилласны үр дүнд Хашаат сумын Дэлийн ‎‎Өвөр хоршоо СХС-аас 7 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа ‎‎өргөжүүлэн ажиллаж байна.


Архангай аймгийн улсын тэргүүний хоршоо “Ар арвижин дэлгэрэх”:

11 төрлийн шинэ сүлжээсээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд борлуулж байна



Архангай аймгийн “Ар Арвижин Дэлгэрэх хоршоо” нь 2016 оны 9 сараас эхлэн ЧИ-ТА төсөлтэй ‎‎хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний сүлжмэлийн технологийн давтан сургалтад хамрагдаж, шинээр 9 төрлийн сүлжээсийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, хувцасны ханцуй, зах, цахилгаан гэх мэт деталь хэсгүүдийг залгах, бүтээгдэхүүнээ загварчилж, төхөөрөмж дээр нэхэхэд суралцсан. Өмнө нь зөвхөн 2 төрлийн сүлжээсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо нийт 11 төрлийн сүлжээсээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хамгийн сүүлд 2018 оны 09 сарын 21-22 нд зохион байгуулагдсан “Намрын түншлэл-2018” үзэсгэлэн худалдаагаар нийт 8 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцсон ба 1,800,000 төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалттай ажиллажээ.


Архангай аймаг Хотонт сумын Цацрал бүлэг

Сумандаа 2 төрлийн талх, 4 төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна


Архангай аймгийн Хотонт сумынЦацралбүлгийн 4 гишүүн төслийн хүрээнд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологид суралцжээ. Одоо тэд 8 нэр төрлийн бүтээгдэхүүний технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, сумандаа 2 төрлийн талх, 4 төрлийн нарийн боовыг үйлдвэрлэж байна. Сургалтаас хойш 2 төрлийн талх нийт 6900 ширхэгийг үйлдвэрлэсэн бөгөөд 8,900,000 төгрөгийн борлуулалт, 4 төрлийн нарийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,100,000 төгрөгийн  борлуулалт хийжээ.

Холбоотой мэдээ