Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-20 11:16:02

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт өнөөдөр эхэллээ.

Харин Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтнуудыг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт маргааш Ховд Их сургуулийн компьютерийн лабораторийн байранд зургаан ээлжээр хуваарийн дагуу тус тус явагдах ажээ.

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт”-ын талаар өчигдөр шалгалтад бүртгүүлсэн хүмүүст зааварчилгаа, мэдээлэл хийжээ. Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд төрийн албаны шалгалтын зохион байгуулалт, шалгалт зохион байгуулах газар, хуваарь болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17 -ны өдрийн 86 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан "Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам", анхаарах асуудлуудын талаар танилцуулсан байна.

Ховд аймгийн Нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд 69, Төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 17, нийт 86 ажлын байрны сул орон тоо зарласан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд бүртгэл явагдаж, 300 гаруй иргэн бүртгүүлээд байна.

 

Холбоотой мэдээ