ХОВД: Сүм хийдийн манз, цавын тогоо XIX-XX зууны эхэн үед холбогдоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн музейд хоёр хүрэл, нэг ширмэн манз, цавын тогоо хадгалж байна.
Манз гэдэг цай, харин цав гэдэг нь хоол юм.
Цав дотроо цагаан, бор гэж бий. Махан төрөл орсон бол бор цав, сүү цагаан идээгээр хийсэн бол цагаан цав гэдэг.
Эдгээр
тогоог нь сүм хийдийн лам, хуврага болон хурал номын идээ, будаа хийхэд хэрэглэж
байжээ.
Тогоо - 1 
Тус
тогоог 12 хэсэг цутгасан хүрэл металийг гагнаж хийсэн. Тогооны дунд хэсгээс
амсар хүртэлх зайд тойруулан шашны найман тахилыг тэгш хэмтэй дүрсэлжээ.
Үүнд:
Эрдэнийн шүхэр, хос загас, бумба, бадам цэцэг, цагаан лавай, өлзий утас,
ялалтын бадаан буюу жанцан, найман хигээст алтан хүрд.
Найман тахилын бэлгэдэл утга нь эгэл хүн хэрхэн буддын шашинд орж, ном сонсон сайжирч, улмаар гэгээрлийг олдгийг зааж байдаг.
Найман
тахилын хажууд залган зургаан мөр хятад, есөн мөр монгол бичиг товойлгон сийлжээ.
Хятад
бичигт: “Их думдад иргэн улсын арван зургаадугаар оны найман сарын өлзийт өдөр
Гүй чен цай, Гоу лу юан үйлдвэй. Төмрийн дархан Шиян жүн шан, Кэй фу юан, Гоу
зи кай. Эзэгнэн хамаарагч Яан фу” хэмээн бичжээ.
Монгол
бичигт: “Думдад иргэн улсын арван зургаадугаар он, гал эм туулай жилийн намрын
думд сард бэйл Гомбо-Очир, нярав Галдан, Чойнзон нар зарж, Гүй ченгээс түнш Яан
фу-гаар түншлүүлэн хэлэлцэж, иргэн Тун жин шин, Сүн лүн пүүсний Гү хай хотын
Шин жү зува нар бээр шинэтгэн бүтээлгэвэй” гэжээ.
Дээрх бичиг дэх он цагаас үзвэл 1927-1928 онд тогоог цутган үйлджээ. Тогооны өргөн нь 160 см, өндөр нь 90 см юм.
Тогоо
- 2

Тус
тогоог есөн хэсэг цутгасан хүрэл металийг хооронд нь гагнаж хийсэн байна.
Тогооны
дунд хэсгээс амсар хүртэлх зайд тойруулан шашны найман тахилыг тэгш хэмтэй
дүрсэлсэн бөгөөд тэр хэсгийг тойруулан цайвар мөнгөлөг өнгийн металиар өнгөлсөн
байна. Тус хэсэгт 16 мөр монгол бичиг
товойлгон сийлжээ.
Үүнд:
“Төр гэрэлтийн хорин хоёрдугаар оны зуны тэргүүн сарын өлзийт сайн өдөр дархан
Эрдэнэцогт хөвгүүн Гүртэй хамт бүтээвэй” гэж бичжээ. Манж чин улсын хааны 22
дугаар он бол аргын 1844 он болно.
Тогоог
урлахдаа зэсийг хайлуулан давтах аргыг ашиглажээ. Өргөн нь 120 см, өндөр 67 см
юм.
Тогоо
– 3 
Энэ
тогоог есөн хэсэг ширмийг холбон гагнаж хийсэн байна. Ширмэн тогооны амсар
хэсгийг усан хээгээр тойруулан сийлжээ.
Түүний
дунд бүслүүр төмрөөс амсар хүртэлх зайд тойруулан цэцгэн хээгээр чимэглэн сийлсэн.
Цэцгэн хээн чимэглэлийн дунд гурван мөр “Дархан Балсан бүтээв” гэх монгол бичиг
сийлсэн байна.
Ойролцоогоор
диаметр нь 98 см, 150 кг орчим жинтэй.
Дээрх гурван тогоо он цагийн хувьд XIX-XX зууны эхэн үед холбогдох ба Ховд аймгийн музейд 1970 оноос хадгалж буй.
Тогооны зарим хэсэг цуурсан, сэтэрсэн, гэмтсэн байна.
Улаанбаатар