Санхүүч Жорж Соросыг “Financial Times” оны хүнээр тодруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-20 15:08:12
МОСКВА. /RIA Novosti/. Америкийн санхүүч, буяны үйлстэн Жорж Соросыг “популистуудын бүслэлтэд орсон либерал ардчиллыг” тууштай дэмжсэнийх нь төлөө Их Британийн “Financial Times” сонин "оны хүнээр" тодруулжээ.

Тус сонинд онцлон тэмдэглэснээр, бид “оны хүнийг” ихэвчлэн ололт амжилтаар нь тодруулдаг. Соросын хувьд редакцын хийсэн сонголт “түүний илэрхийлж буй үнэ цэнтэй” холбоотой. Америкийн санхүүч бол “либерал ардчилал болон нээлттэй нийгмийн туг баригч юм” гэж тус хэвлэлийнхэн цохон тэмдэглэсэн байна.

"Жорж Сорос буяны үйлийн тусламжтайгаар 30 гаруй жил авторитаризм буюу нэг ба хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах улс төрийн дэглэм, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах болон үл тэвчих хандлагатай тэмцсээр ирсэн билээ. Тэрбээр нээлттэй байдал, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг тууштай хамгаалсныхаа төлөө авторитар дэглэмүүд болоод ялангуяа Европт байр сууриа бэхжүүлж байгаа популистуудын уур хилэнг олон жил өөртөө татсаар ирсэн” гэж “Financial Times” сонинд бичжээ.

Жорж Сорос бол Америкийн санхүүч, хөрөнгө оруулагч билээ. Түүний ажил хоёрдмол утгатай байдаг бөгөөд тэрбумтныг биржийн дамчин гэж ярих нь ч бий. Соросын "Quantum" компани бараг 40 жил үйл ажиллагаа явуулахдаа тодорхой хугацаанд ашгийг хамгийн өндөр байлгах эсвэл эрсдэлийг багасгахад чиглэсэн хеж-фонд буюу хөрөнгө оруулалтын сангийн хувьд хамгийн өндөр 35 тэрбум ам.долларын ашиг олжээ. Зөвхөн АНУ-д үл хөдлөх хөрөнгийн хямрал нүүрлэсэн үед гэхэд 2 жилийн хугацаанд 1 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Сорос үүний зэрэгцээгээр улс төрөөр идэвхтэй оролддог. Хэд хэдэн оронд засгийг өөрчлөх төлөвлөгөө зохион байгуулсан гэж түүний санг удаа дараа буруутгажээ. 2004 онд Украинд “улбар шар хувьсгал” гарахад, 2013 онд “евромайдан” өрнөхөд мөнгө нь тусалсан гэдгийг тэрбээр өөрөө ч няцаагаагүй байна.

Түүнчлэн улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж Соросыг зарим орны эрх баригчид буруутгажээ. Соросын сангийн үйл ажиллагааг зогсоосон сүүлийн орон бол Турк юм. Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тэрбумтныг 2013 онд болсон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг санхүүжүүлсэн хэмээн буруутгасны дараа сангийн үйл ажиллагааг зогсоожээ.
Холбоотой мэдээ