Хилийн цаадах өнгө будаг

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-12-20 20:24:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.

Хүний сэтгэлд хил хязгаар гэж үгүй хэмээх нь бий. Гэвч өөрийн гэсэн ертөнц, өөрийгөө авч үлдэх, зөвхөн “чи л” мэдэх бяцхан арал үгүй бол бид бүгд нэг хэвэнд цутгагдана гэсэн үг. Хил татсан тэр л шугамны ард чиний ертөнцийг тээсэн арал байх ёстой. Энд бид өнгө будагаар хорвоог, өөрийнхөө сэтгэл дэх эмзэглэл, хайр, гуниг шаналанг урладаг. Хүн бүхэн мэддэггүй хүн бүрийн ертөнц тэнд оршдог билээ.


Саяхан “Сэтгэцийн Эрүүд Мэндийн Үндэсний төв”-ийн “Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасаг”, "Энэрэл" мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, "Ногоон цас" ТББ, "Миний урлан" клуб нар хамтран СЭТ-ХИЛ нэртэй уран зураг, фото хөрөг зургийн үзэсгэлэнг энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар хотын музей”-д нээсэн юм. Мөнхүү тус үзэсгэлэнг нь МУБИС, “Мөнгөн завьяа” зэрэг газруудын нүхэн гарцны зай талбайг ашиглан олны хүртээл болгож байна. Үзэсгэлэнд нийт 10 үйлчлүүлэгчийн 30-аад бүтээл багтжээ.


“Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасаг” нь сэтгэцийн эмгэгийн улмаас хувь хүний чадамжууд болон нийгмийн дунд биеэ авч явах байдал нь алдагдсан сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчдийн чадваруудыг сэргээх, шинээр дадал бий болгох, хамт олны дунд нийгэмшүүлэх, өвчний намжилтын үеийг уртасгах, хэвтэлтийн тоог багасгах зэрэг зорилттойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Ийнхүү тэд уран зураг, хөгжим, чимэглэх, шүр урлал болон талх, нарийн боов, оёдол, ном, үсчин гоо зүй зэрэг олон төрлийн эмчилгээг явуулдаг гэнэ.




Тэд үйлчлүүлэгчдийнхээ бүтээлээр 2017 онд “Эдгэрэл-Итгэл найдвар” нэртэй бүтээлийн үзэсгэлэн гаргаж байв. Тус үзэсгэлэнгийн бүтээлүүдэд сэтгэцийн эмгэгтэй хүмүүст тулгардаг асуудал, нийгмээс ирдэг ялгаварлан гадуурхалтаас өөрт бий болсон эмзэглэл зэрэг тусгагдсан байв.


Мөнхүү энэ удаагийн “Сэт-Хил” үзэсгэлэнд дээрх асуудлууд ч тусгагдсанаас гадна өвчтөнүүд өөрсдийн өвчний түүхийг ил болгох юм. Нийгэм нь өөрөө тусгаарлачихсан тэдгээр хүмүүсийн сэтгэлийн тусгал, амьдралыг ямар өнгө будгаар харж, мөрөөдөл нь ямар өнгөөр урган дэлбээлж буйг зурсан зургуудаас нь харах боломжтой. Тиймдээ ч эдгээр үзэсгэлэнгүүд нь уг хүмүүсийн нийгэмд өөрсдийн байр сууриа илэрхийлэх, зөв ойлгуулах эрх чөлөөний дуу хоолой нь болж өгдөг байна. Мэдээж үзэсгэлэнгээр зочилсны дараа үзэгч, уншигч та тухайн хүмүүсийг энэ хотын, энэ нийгмийн нэг эд эс гэдгийг ойлгож, хандлагаа өөрчлөхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байв.


II.


Сэтгэцийн эмгэгтэй гэвэл бид шууд солиотой, галзуу мэтээр хүлээн авч тэднийг буруутгадаг. Гэвч үнэндээ тийм биш. Бидний шүтэн биширдэг алдартай дуучид, уран зураач, жүжигчид хүртэл сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар эмчүүлж байсан тохиолдол цөөнгүй. Аливаа өвчин эдгэрч, тодорхой үр дүн гарсан жишээг нуршвал маш олон байж таарна.


“Сэт-Хил” үзэсгэлэнгийн зургууд тод өнгөөр баялаг бөгөөд зохиомжийн хувьд ч хиргүй сэтгэлийн үнэн бүтээлүүд харагдана. Тэд өөрсдийн зүүд, мөрөөдөл, ухамсрынх нь далд нуугдаж буй гэрэлтэй ертөнцийг уран зургаар илэрхийлэн гаргаж байна. Харин уран бүтээлчдийн нэрсийг зарлаж болохгүй бөгөөд өөрсдийнх нь бичсэн тайлбарын дагуу зургуудыг хананд өлгөжээ.


Үзэсгэлэнд “Зүүд I”, “Зүүд II”, “Зүүд III” гэсэн бүтээлүүд харагдана. Эхний зүүд нь улаан хүрээтэй, хар дөрвөлжин дотор ганц нүд биднийг харж байна. Улаан магадгүй өвдөлтийн өнгө. Мэдээж тэр өвдөлтөөс үүсэн цөхрөл, ганцаардлаа хар өнгөөр төсөөлүүлэн зүүдэлсэн байж болно. Харин өөрөө амьд оршин буйгаа илэрхийлэн нүд зуржээ. Техник технологи хөгжсөн одоо үед мэс засал хийгээд дүр төрхөө өөрчилж болох ч хүний нүд хэзээ ч өөрчлөгддөггүй нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл билээ.




Дараагийн зүүдээ тэр там мэтээр дүрсэлсэн байна. Камюгийн “Сифизийн домог” зохиолд нэгэн том чулууг уулын орой өөд түлхэн гаргадаг хүнийг дүрсэлдэг. Оройд гаргасан бөөрөнхий чулуу дахин уруудан өнхөрнө. Түүнийг дахин оргил өөд түрэх дуусашгүй хөдөлгөөн үргэлжилдэг. Харин “Зүүд II” зураг хэлбэрийн хувьд яг түүн шиг уулын орой руу мацах хүнийг дүрсэлжээ. Харин хад асга бүхий уулын орой цусан улаан өнгөтэй ажгуу. Хүмүүс бид хэдийгээр мөрөөдөлдөө хүрч, зорилго тэмүүллээ гүйцэлдүүлэхийн төлөө өдөр шөнөгүй хичээвч эцэстээ үхэлтэй нүүр тулах нь зайлшгүй юм.


Харин “Зүүд III” зурагт улаан өнгийн тэмээнүүд алтан шаргал говьд идээшилж буй. Эндээс түүний амьдрал дурлан тэмүүлж буй гэгээлэг ертөнцийг харж болно. Өмнөх зургуудад ганцхан дүр байсан бол энд олон тэмээд байна. Тэр өвчин зовиураасаа салж, найз нөхөдтөй болж нийгэмд өөрийгөө ойлгуулахыг хүсэв. Нэг ёсондоо уг зургийн эзэн жинхнээсээ мөрөөдөж чадаж байна.


III.


Философигүй урлаг бол хоосон гэж томоохон судлаачид үздэг. Тэгвэл ямар нэг сэтгэцийн өөрчлөлтгүй хүн бол оюун ухаангүй амьтдаас үл ялгарна. Жишээ нь бидэнд инээх, уйлах, баярлах, бухимдсандаа хашгирах зэрэг сэтгэцийн өөрчлөлтүүд байдаг. Харин аль нэг зүйл давамгайлах юм уу, шинжлэх ухааны үндсээр тайлбарлаж, анагаах ухааны үүднээс эмчилж болдог тийм өвчлөлтэй хүмүүс “Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасаг”-аар үйлчлүүлдэг нь тодорхой.


Мэдээж бид бусад амьтдын адил “үхэх, төрөх” жамд захирагддаг сүүн тэжээлтэнгүүд. Харин оюун ухаан биднийг бусдаас ялгадаг. Гэвч зарим амьтан зураг зурдаг шүү дээ. Гэхдээ тэд зөнгөөрөө л сараачиж орхих юм уу эсвэл хүний заасан зүйлийг л цаасан дээр буулгана. Харин хүмүүс оюун ухаантай амьдбодгаль учир өөрсдийн дотоод ертөнцийн нарийн өнцөгөөр хэрхэн илэрхийлж буйг “Сэт-Хил” үзэсгэлэн тод харуулна.




Тэдний зарим нь хүүхдийнх гэмээр хиргүй цагаахан сэтгэлийнхээ буланд цоожлогдон үлдсэн бөгөөд тэнд хар бараан зохиролгүй дандаа гэрэл гэгээ зонхилж байна. Үүнийг бусдад ойлгуулахад хамгийн дөхөм арга нь уран зураг байж таарна. Тиймдээ ч уг эмчилгээг түлхүү сонгон хэрэгжүүлж, өдгөө хоёр дахь үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болжээ. Тэдний хүсэл мөрөөдөл, зүүдний зөнгийн ертөнцөөр аялж, сэтгэлийн хилийн дээсийг алхахад танд ямар ч төлбөр шаардлагагүй. Уншигч та зорин очиход л болно. 

Холбоотой мэдээ