Аймгийн Засаг дарга Цэвэрлэх байгууламж барих гэрээнд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-25 12:10:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт хийгдэх “Цэвэрлэх байгууламж барих” ажил удаан хугацаанд яригдсаны эцэст хэрэгжихээр болж, 12 дугаар сарын 24-ний өдөр Засаг дарга О.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны  хөнгөлөлттэй зээлийн гэрээнд  гарын үсэг зуржээ.  

2017 оны эхээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэрлэх байгууламж барих таван аймгийн нэгэнд Дундговь аймаг орсон байсан. Харин тухайн ондоо  цэвэрлэх байгууламж барих аймгуудаас хасагдаж, дараагийн ээлжинд багтахаар болсон талаар аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ мэдээлж байсан билээ. Харин 2019 онд энэ ажил ийнхүү хэрэгжихээр болж, Мандалговьчууд зуны цагт бохир үнэртдэг зовлонгоос салах нь.

Одоогийн байгаа байгууламж нь аймгийнхаа төвийн урд талд, төвөөсөө холгүй оршдог бол шинээр баригдах Цэвэрлэх байгууламжийг түүнээс урагшаа 2,1 километр-т байгуулахаар болжээ.

2018 онд Азийн хөгжлийн банкнаас шинэ цэвэрлэх байгууламж барих төслийн нэгжийн зөвлөхүүд оролцсон баг  Мандалговь хотод ажиллаж, одоогийн Цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал болон шинээр байгуулах байгууламжийг барих газрыг үзэж танилцсан байна.

Мандалговийн одоо ашиглаж байгаа цэвэрлэх байгууламж механик ажиллагаатай, хоногт 1300 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтайгаар анх ашиглалтад орж байсан ч ашиглалтын явцад элс баригч болон  тунгаагуурууд нь ажиллагаагүй болсон ажээ. 

Холбоотой мэдээ