Ардчилсан намд 12 мянган иргэн гишүүнээр элсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-27 15:25:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас орон даяар зохион байгуулсан "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян өнөөдөр хаалтаа хийлээ.

Тус намын анхан, дунд шатны намын байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын болон бүх шатны сонгуульт гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий энэхүү аяныг өнгөрсөн сарын 01-нээс энэ сарын 15-нд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 21 аймгийн 284 сумын 918 багт зохион байгуулсан байна. Үндэсний хэмжээнд өрнөсөн II аяны хүрээнд Ардчилсан намд 12 мянган иргэн гишүүнээр элссэн гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдээлэв.

Тэрбээр, "Аяны хүрээнд зөвхөн намын гишүүдтэй уулзаад зогсохгүй нам бус иргэдийн санал бодлыг сонсч, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны чиглэл, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээллийг хүргэсэн байна. Иргэдийн зүгээс ЖДҮХС-гийн зээлийн асуудал, "60 тэрбумын хэрэг", шатахууны үнэ, валютын ханшийн өсөлт, утааны асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг хамгийн ихээр хөндсөн. Ялангуяа шатахууны үнэ энэ онд удаа дараа нэмэгдсэн нь орон нутгийн иргэдэд хүнд тусч байна. Харин нийслэлчүүдийн хувьд утаа, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг эрх баригчдад уламжилсан" гэлээ.

Холбоотой мэдээ