Bella Venezia буюу гоё Венец

Монголын мэдээ | Тойм
delgermaa@montsame.mn
2018-12-27 15:35:05


Белла Италиа хэмээн италичууд ярьдаг. Энэ нь гоё Итали гэсэн үг. Яагаад ч юм энэ үг Венец хотод илүү тохирох юм шиг санагдав. Bella Venezia!

Италийн хойд нутагт орших энэ хотыг мэдэхгүй хүн үгүй. Эртний соёл, уран барилгын гайхамшигийг харуулсан Венецийг үзэх гэж  дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид  цувсаар.  Марко Пологийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд газардахад хоёрдугаар давхрын том гэгчийн цонхнуудын гадна талд янз бүрийн мод тарьсан  нь их сайхан бөгөөд сонин харагдана. Бид  шууд л жижигхэн завиар зочид буудлын зүг  явав. Венецийн нисэх онгоцны  буудал  хуурай болон усан зам гэсэн хоёр тийш гардаг замтай. Бидний очих газар эргийн нөгөө талд байрлах тул  завиар явах нь илүү ойрхон байв. Хөлсний завины мотор нүргэлж, давалгаа татуулсаар. Аль хэдийнэ арванхоёрдугаар сар гарсан хэдий ч тэнгисийн  салхи нүүр өөд зөөлөн  үлээнэ. Яагаад Венец гэж нэрлэсэн юм бол гэсэн бодол хамгийн түрүүн төрж билээ. Эрт дээр үед энд венет хэмээх омгийнхон амьдарч байсан гэдэг. Түүнээс үүдэн Венец хэмээн нэрлэжээ. Венетуудын амьдардаг нутаг  гэсэн утгатай. Өнөөдөр Венец хот ердөө 260 мянга гаруй оршин суугчтай. Үнэн хэрэгтээ бол түүнээс хавьгүй олон хүн  амьдардаг байх. Учир нь  жилийн дөрвөн улиралд ирж, буцах хэдэн мянган жуулчид тасрахгүй.

Венецийн бараг төвд шахуу буудаллан, өрөөгөө авч, цүнхээ тавиад шууд л хоттой танилцахаар явав. Зочид буудал маань эргээс  ердөө гурван алхмын зайтай.  Нарийхан усан сувгаар  нааш цааш моторт завинууд давхилдана. Венецичуудын хувьд моторт завь жолоодох нь машин барихтай ижил. Ердөө хоёр завь зөрөх нарийхан сувгийн хаа нэгтээ гурваас дөрвөн завь нэг дор ирвэл бие биеэ хүлээж зогсоно.  

Энэ хотын бас нэгэн онцлог нь эртний уран барилгын гайхамшигийг илтгэсэн байшин барилгууд. Эдгээр байшин барилгуудын уран хийц загвар, усан дээр  хот хэрхэн оршдогийг харах гэж  жуулчид энд ирдэг.  XIV-XVI  зуунд Венецийн бүгд найрамдах улс байх үед тус хотын бахархал болсон гол барилгуудыг босгосон гэдэг. Европын сэргэн мандалтын үед урлаг тэр дундаа уран барилга ид хөгжиж байх үед Венецийн гайхамшигуудыг бүтээн босгожээ.  Османы эзэнт улсын мэдэлд орсноор хөгжил нь зогсонги байдалд орсон. Наполеоныг ид аян дайн хийж байхад Венец  Австрийн нэгэн хэсэг болж 1866 онд эргээд Италид нэгдсэн түүхтэй.

Венецийн байшингуудын цонх бүхэн модон хаалттай. Зундаа ихэд халдаг тул өдөртөө  цонхны хаалтаа заавал хаана. Нарны төөнөх туяанаас жаахан ч гэсэн зугтах гэж тэр.  Бараг хэвшил болсон бололтой. Өвөл орой болоход бараг бүх айл цонхны  хаалтаа хаасан харагдана. Ийнхүү биднийг хотын төв орохоор явахад нар аль хэдийнэ  жаргачихсан байв. Хоёр хүн арай гэж зөрөх зайтай, сүүмийсэн гэрэлтэй, нарийхан харанхуй гудамжаар явсаар, хагас дугуй хэлбэртэй жижигхэн гүүрээр гарав. Аймшгийн  кинонд гардаг  шиг л нэг эвгүй санагдана. Энэ хотод иймэрхүү  гудамжууд зөндөө.  Тиймээс олон аймшгийн киноны зургийг энд авсан гэдэг. Чийгтэй болоод ч тэр үү ихэнх байшингуудын гаднах шавар нь  нурчихсан хэдий ч сонгодог архитектурын донж мэдрэгдэнэ . XIII-XVI  зуунд баригдсан байшингуудын нэлээд нь дорнын хэв маягийг агуулсан. Тэр үед хичнээн их хөдөлмөр, ур чадвар шингээж  эдгээр байшингуудын зургийг гаргаж, босгосон талаар бодоход үнэхээр бахархамаар. Хэдхэн минутын дараа хотын төвд хүрэв. Венецийн төв арванхоёрдугаар сард ч жуулчны хөлд дарагдаастай. Зул сарын баярын зах, гудамжны гэрэлт чимэглэлүүд, дэлгүүрүүдийн гаднах гэрлүүд хотын төвийг өдөр мэт гэрэлтүүлжээ. Нааш цааш холхилдох хүмүүсийн дийлэнх нь жуулчид. Өвөлдөө хөл хөдөлгөөн  багатай байгаа нь энэ гэнэ. Зундаа орой тийшээгээ төвдөө бараг хөл гишгэх зайгүй болдог аж.

Бид шууд л Сан Маркийн талбайд очию. Венецийг Сан Маркийн буюу гэгээн Маркийн талбайгүйгээр төсөөлөхийн аргагүй. Венецид ирсэн хүн бүр энэ талбай дээр заавал очдог.  Энэ хотын бахархал болсон газар. Одоогоос хэдэн мянган жилийн тэртээ буюу  IX зуунд  гэгээн Маркийн сүмийн өмнө жижихэн талбайтай байсан  гэдэг. 1099 онд Венецийн усан онгоцууд Тира хааны цэргүүдтэй тулалдаж, гайхамшигтай ялалт байгуулсаныхаа төлөө  боржин чулуугаар урласан гурван том гэгчийн багана бэлгэнд авсан түүхтэй.  Харамсалтай нь боржин багануудыг Венецид хүргэх замд нэгийг  тэнгист унагаж алджээ. Үлдсэн хоёрыг гэгээн Маркийн талбайд  босгож, нэгнийх нь дээр ялалтын бэлгэ тэмдэг болсон далавчтай арслан, нөгөө дээр нь гэгээн Теодорыг залсан байна. Хэдэн зууны тэртээ боржин багануудыг хэрхэн босгосон нь бас нэгэн түүх.

Арслан Венецийн хувьд онцгой бэлгэ тэмдэг. Ялалт, хүч, эрх мэдлийг илэрхийлсэн арсланг Венецийн эртний барилгуудын гадна  болон дотор талд нь  дүрсэлсэн байдаг. Хотын төвд босгосон нэгэн баримлын хоёр талд мөн л арсланг дүрсэлжээ. Нэг арслан нь архирч буй. Өөрөөр хэлбэл хүч, эрх мэдэлтэй байгаа үеийг илэрхийлсэн бол  нөгөө талын арслан нь  толгойгоо гудайлган хэвтжээ. Венецийн бүгд найрамдах улсын сүр хүч мөхсөнийг ийнхүү арслангаар дүрсэлсэн. Араатны хаан арслан хэмээн бид ярьдаг.

Гэгээн Маркийн сүм нь византийн уран барилгын гайхамшгийг харуулсан хосгүй барилга. Тиймээс ч ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн. Сүмийн орой дээгүүрх чулуун сийлбэр, дотор талын  таазны алтаар чимэглэсэн зургууд энэ бүхнийг хэдэн зууны өмнө яаж  бүтээсэн бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрүүлнэ. Гэгээн Маркийн сүмийг анх  826 онд  загалмай хэлбэртэйгээр бариулж эхлүүлсэн бөгөөд  1063 онд Доминико Контарини гэгч өргөжүүлсэн гэдэг. Сүмийн гадна талын дээд хэсгүүдэд модон дээр цовдолсон Христыг хэрхэн буулгаж байгаа, Христ эргэн ирж байгаа зэргийг  дүрсэлсэн дөрвөн хэсэг зурагтай. Энэ сүмийн орой дээр  чулуугаар сийлсэн дүрсүүд, мозайк, дотор талын алтадсан зураг бүхэн гайхамшигтай уран бүтээлүүд тул нэг бүрчлэн үзэхэд нэлээд хугацаа шаардагдана.

Харанхуй болж сүм ч хаалгаа барьсан байв. Гадна талын зургууд тэр болгон сайн харагдахгүй байсан тул бид дахин ирэхээр боллоо.  Нарийхан урт гудамж дундуураа усан сувагтай. Түүн дээгүүр олон жижигхэн гүүртэй. Бүгд хагас дугуй хэлбэртэй. Доогуур нь усан завь чөлөөтэй хөвнө.

Венец эргэн тойрондоо маш олон жижигхэн арлуудтай. Түүнээс наймыг нь онцгойлсон байдаг. Мурано, Бурано, Жудекка, Лидо гээд л. Тэдгээрээс Мурано, Бурано хоёрыг хамгийн үзэсгэлэнтэй гэдэг.

Ингээд бид маргааш өглөө  нь эртлэн босч, хамгийн том арал гэгддэг Мураног зорив. Венецэд ирсэн бол Мураног заавал үзэх ёстой. Тус арал нь шилний үйлдвэрээрээ дэлхийд алдартай. Бидний буусан зочид буудлын менежер    Мураногийн шилний үйлдвэртэй танилцах аяллыг санал болгож, үнэгүй завин таксигаар  хүргэж өгнө гэв. Тус арлын шилний үйлдвэр бол Венецийн төдийгүй Италийн бас нэгэн бахархал. Усан зам дээр жаахан түгжрэл гарсан тул моторт завь найман минут хоцорно гэж буудлын ажилтан бидэнд  дамжуулав.  Гэхдээ италиар бол 20 минут ч болж магадгүй шүү хэмээн наргиа болгосон. Яг л найман минутын дараа хачин тохилог завь буудлын яг үүдэнд ирэв.  Ямар ч завинд суусан жолоодож буй залуус нь гараа өгч бууж, суухад заавал тусална.  20 минут давхиж  шилний үйлдвэрийн усан зогсоол дээр ирэв. Сахал нь үл ялиг ургасан, дэгжин хослолтой, сайн чанарын итали гуталтай эр биднийг угтан үйлдвэр рүү оруулаад англи, герман, франц  ямар хэлээр ярьдагийг асуув. Шилэн урлаг хэрхэн бүтэж байхыг харуулах зорилгоор цех дотор тусгайлан зочид явдаг гүүрэн зам тавьжээ. Цехийн хоёр талд том гэгчийн хоёр зууханд гал дүрэлзэж,  настай хоёр эрэгтэй урт гэгчийн төмөр барьчихаад, түүнийхээ үзүүрт буй шилийг галд барин хайлуулав. Гаргаж ирээд голдоо нүхтэй урт төмрийн нөгөө үзүүрээс нь үлээж хэлбэр гаргаж, дараа нь  цохих зэргээр янз бүрийн хэлбэрт оруулна. Бас шилийг янз бүрийн аргаар өнгөнд оруулдаг аж. Энэ бүхнийг бид дээрээс харж сонирхов.  Шилээр урлахад авьяас шаарддаг гэнэ. Тус үйлдвэрийг 12 гэр бүл хамтран эзэмшдэг. Түүнийгээ италиар кооператива буюу манайхаар бол хоршоо хэмээн нэрлэх юм.  Шилээр юм хийхэд  авьяастай, мэдрэмжтэй байх зайлшгүй шаардлагатай хэмээн  тус үйлдвэрийн  эздийн нэг нь  ярив. Тэрбээр өөрөө шилээр янз бүрийн зүйл урлахад нэлээд олон жил суралцжээ. Гэхдээ авьяасгүй тул тэгсхийгээд больсон байна. Ингээд олон нийттэй, харилцах, борлуулалт зэргийг хариуцаж байгаа гэнэ. Үйлдвэр худалдан авагчдадаа зориулан хоёрдугаар давхраа тэр чигт нь үзэсгэлэн болгон тохижуулжээ. Энд шилээр урласан оргилуун дарсны хундаганаас эхлээд чийдэнгийн бүрхүүл гээд янз бүрийн бүтээгдэхүүнээ тавьсан байв. Шилэн урлагийн гайхамшгийг энд л харна. Дэлхийн хамгийн том шилээр хийсэн люстрийг хүртэл энэ тавьсан байв. Үнэхээр гайхалтай. Өнгө өнгийн  цэцэг дэлгэрэх мэт чийдэнгийн бүрхүүл найзад маань ихэд таалагдаж харцаа салгаж чадахгүй байгаагаа надад хэлэв. Ингээд  шилэн бүтээгдэхүүнийг удтал үзэж сонирхсоны эцэст найз маань  бүрхүүлийг худалдаж авахаар болов. Энэ хооронд шилний үйлдвэрийн эздийн нэг нь бидэнтэй байнга цуг явж,  бүтээгдэхүүнүүдээ нэг бүрчлэн танилцуулан, ямар аргаар хийсэн талаар   зогсолтгүй тайлбарлаж байлаа. Бараг 3000 еврогийн үнэтэй чийдэнгийн бүрхүүлийг авна гэдгээ хэлэхэд биднийг маш зөв сонголт хийлээ хэмээн урам хайрлав. Италичууд бол наймаа хийж чаддаг, наймалцахдаа бүр ч сайн бас бүтээгдэхүүнээ борлуулахдаа  сурамгай. Наймаалцсаны эцэст 2700 евро дээр тохиролцов. Нойтон хамуу шиг дагаад л бараагаа худлаа магтаад байхгүй,  цаанаа нэг донжтой үйлчилж, хүмүүсийг татна. Сайхан бүтээгдэхүүнийг нь сонгосонд талархаж байгаагаа илэрхийлэн бидэнд оргилуун дарс задлав. Ингээд бараагаа гэрт нь өөрсдөө хүргэж өгөөд зогсохгүй угсарч, цахилгааны холболтыг нь хүртэл хийж өгдөг гэнэ.  “Үнэндээ чийдэнгийн бүрхүүлийг таньд зарахдаа бараг ашиг гэх юм олоогүй” хэмээн  хэлэв.  Ингээд   зогссонгүй биднийг арын өрөөнд байдаг тусгай бүтээлийнхээ үзэсгэлэнгийн танхим руу  хүртэл оруулав. Ирсэн хүн бүрийг оруулаад байдаггүй гэнэ. Түүнд нь Пабло.Пикассо, Сальвадор.Дали гээд дэлхийд алдартай зураачдын  уран зургуудыг  шилээр бүтээсэн байв.  Шилэн бүтээгдэхүүнээ  ямар даатгалд хамруулдаг болохыг сонирхоход даатгалгүй гэв. Ийм эрсдэлтэй алхам хийдэг  компани байдаггүй бололтой. Тус үйлдвэрийг Венец хотын сургуулийн сурагчид байнга ирж үздэг гэнэ. Бүр нэгдүгээр ангийн, зургаан настай хүүхдүүд үзэхээр ирдэг аж. Гэхдээ нэг ч удаа бүтээгдэхүүнийг нь унагаж хагалж байсан удаагүй гэв.

Ингээд  Мурано арлаас үйлдвэрийнхээ моторт завиар зочид буудалд маань хүргэж өгөхийг санал болгов. Бид Мурано арлаар явж үзээд хоёр цагийн дараа ирэхээр болов. Арал жижигхэн, энд ихэвчлэн хоёроос гурван давхар байшингуудтай. Уран барилгын гайхамшгийг илтгэсэн олон сайхан сүмтэй. Байшингийн гадаа цэцэрлэгтээ далдуу модтой, өнгө өнгийн цэцгүүд тарьсан, түүнийгээ байнга арчилдаг, харшууд   нь цаанаа л нэг донжтой.  Венецид сүм, гүүр олон. Нийтдээ 1500 сүмтэй. Тэдгээр  нь шашны гэхээсээ илүү эртний сонгодог урлагийг илтгэсэн  музей л гэсэн үг.   Энэ өдөр Мурано арал дээр хөл хөдөлгөөн бага байв. Харин шилэн бүтээгдэхүүн борлуулдаг жижигхэн лангуунууд нэлээд. Мураногийн шилний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дууриалган хийж борлуулах явдал гадаадад газар авсан гэнэ. Тиймээс эндээс авах нь хамгийн найдвартай хэмээн ярьдаг. Өдрийн 12 цаг өнгөрч байсан тул арлын нарийхан гудамжнуудын дэлгүүрүүд  бараг бүгд хаажээ. 13-15 цагийн хооронд италичууд заавал амардаг. Тиймээс жижигхэн лангуу, дэлгүүрүүд нь бүгд хаана. Зундаа бол  өдрийн нар энэ цагаар ид төөнөдөг тул бүгд амардаг аж. Нэг л мэдэхэд цаг болж, үйлдвэр дээр эргэж ирэхэд биднийг жижигхэн моторт завь  тэрэг хүлээж байв. Жижигхэн кафены гадна далайн эрэг дагуулан зассан ширээн дээр сууж кофе уув. Гадуур хүрэм, гутлаа тайлаад, нарны илчинд ээгдэн далайн эрэг дээр тухлан суув. 12 сард дундаа орсон гэдэгт итгэж ядна. Энэ бол Венец. 

                                                                                                                                                                                  Ю.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ