Гурван үеийн уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-27 16:51:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 68 жил, УДБЭТ-ын туурга тусгаарлсаны 55 жилийн ой 2018 онд тохиож байна. 

УДБЭТ-ын хамт олон энэ сарын 30-нд үе үеийн удирдлагууд, уран бүтээлчид, ажилтан албан хаагчиддаа хүндэтгэл үзүүлэн ойн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Ойд зориулан Монголын үндэсний шилдэг дуурь Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг 3 үеийн уран бүтээлчид хамтран тоглох юм. Тус дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрийг УДБЭТ-ын тайзнаа амилуулж ирсэн уран бүтээлчдийг нэг дор, нэгэн тайзан дээрээс үзэх боломж ийнхүү бүрдэж байгааг зохион байгуулагчид нь хэллээ. 
Тоглолтод УДБЭТ-ын үе үеийн шилдэг уран бүтээлчид болох Ардын жүжигчин А.Долгор, А.Дашпилжээ, Ч.Мөнхшүр, МУГЖ Ц.Төвшинтөгс, Х.Үнэнхүү, Ж.Бүтэд, Л.Болд, Б.Цэцгээ, Д.Ганхуяг, Б.Жавзандулам, С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа, СТА Баянбилэг, Ш.Наранчимэг, Э.Бумхүү болон УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид болон балетын жүжигчид оролцож, удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү ажиллана.

Монгол Улсад хамгийн анхны хөгжмийн театр 1950 оны 12 дугаар сарын 30-ний өдөр байгуулагдсан түүхтэй. Ийнхүү монголдоо төдийгүй Азид цорын ганц “Хөгжмийн сонгодог театр” бий болсон. УДБЭТ-ын анх байгуулагдсан он, жилийг судалгаа шинжилгээний үндэслэлтэй үнэн зөв тогтоох, баталгаажуулах зорилгоор УДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Төвшинтөгс 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдөр “Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэл хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг соёл урлагийн салбарын эрдэмтэн профессорууд, судлаач нартай хамтран зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Монголын дуурь, бүжгийн театрын үүсэл хөгжлийн зарим асуудал” сэдвээр илтгэлийг судалгаа шинжилгээний үндэслэлтэй хамтран хэлэлцэж, анхны хөгжмийн театр 1950 оны 12-р сарын 30-ний өдөр ашиглалтад орж Монголын анхны сонгодог дуурь болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийж байжээ. 

Холбоотой мэдээ