Тусгай зөвшөөрлийг нь хураасан ордыг Дотоодын цэргийнхэн хамгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-31 13:14:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 12 дугаар сарын 29-ний өдөр “6.1” тусгай ажиллагаа явуулж, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, тус орд одоо Дотоодын цэргийн хамгаалалтад аваад байна хэмээн албаны хүн мэдэгдлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дэх “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээх заалтыг үндэслэн Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр аймгийн прокурорын хяналтан дор ийнхүү тусгай ажиллагааг  зохион байгуулсан байна.

Тус орд 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлж, эзэмшлийн маргаантай асуудлаас болоод 2016 онд үйл ажиллагаа нь зогссон талаар аймгийн МХА-ны Улсын байцаагч Р.Цэрэндорж мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ тус МХА-аас жил бүр төлөвлөгөөт хяналтаа явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар өгч, түүнийхээ мөрөөр гүйцэтгэлийн хяналт хийдэг байсан хэмээн тодруулсан юм.

Алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг эзэмших хоёр тусгай зөвшөөрөл 2043 он  болон 2047 он хүртэлх хугацаатай байсан ажээ.  

Холбоотой мэдээ