С.Амарсайхан: Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-01 11:04:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн иргэд, оршин суугчдадаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр мэндчилгээндээ, “Өнгөрсөн 2018 онд НИТХ иргэд, оршин суугчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээс эхлээд иргэдийнхээ санал гомдлыг барагдуулах, оролцоог хангах хүрээнд нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаа, газар зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, агаар орчны бохирдлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн чадавхийг сайжруулах олон ажил эхлүүллээ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлыг илүү ил тод, нээлттэй, авлига хээл хахууль, хүнд сурталгүй, бүтээлч байлгах хүрээнд төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Цаашид нийслэл хотын иргэд, оршин суугчдын амьдрах орчныг илүү тухтай болгох хүрээнд, судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хот төлөвлөх үүднээс Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулахаар ажиллаж байна.

Айлчлан ирж буй шинэ ондоо нийслэлийн иргэд, оршин суугчид төдийгүй нийт Монгол түмэн минь төрт ёсоо дээдэлж, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, түмэн олноороо хөгжилд тэмүүлж, хүн бүр амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэсэн байна.

Холбоотой мэдээ