Бразилын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-02 09:32:19

БРАЗИЛИА. /NHK/. Мягмар гарагт Бразилын шинэ Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ тус улсын нийслэл Бразилиа хотноо болсон байна. Хэт барууны үзэлт намаас нэр дэвшин ялалт байгуулсан түүнийг “Бразилын Трамп” хэмээн нэрийджээ.


Ж.Болсонару ёслолын арга хэмжээний үеэр үг хэлэхдээ, ялгаварлан гадуурхал хийгээд хуваагдалгүй нийгмийг цогцлоохоо амласан байна.


Арга хэмжээнд оролцсон зочдын дунд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар багтаж байжээ. Уг арга хэмжээнд Куба болон Венесуэлийн удирдагчдыг уриагүй байна. Тэднийг яагаад уриагүй талаар Ж.Болсонару хэлэхдээ, тэд ардчилсан бус замаар засгийн эрхэнд гарсан бөгөөд дарангуйлагчид юм гэжээ.


Өнгөрсөн оны 10 дугаар сарын 28-нд болсон Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд 63 настай Ж.Болсонару Ажилчны намаас нэр дэвшигч Фернандо Хаддадтай өрсөлдөж, илт давуугаар ялсан билээ. 

Холбоотой мэдээ