Цагаандэлгэр сумынхан шатахууны гачаалд ороод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-04 10:14:52
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд үйл ажиллагаа явуулдаг "Хөрс” автосервис компанийн ШТС-ын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн Хяналтын Албанаас зогсоож, тус сумынхан шатахууны хомсдолд орсоор 10 өдөр болжээ.

Цагаандэлгэр суманд үйл ажиллагаагаа явуулж байсан НИК-ийн Шатахуун түгээх станц 2017 онд татан буугдаж, сумын ард иргэд, удирдлагууд хүсэлт гаргаснаар Улаанбаатар хотын "Хөрс” автосервис компани тус суманд ШТС барьж, 2017 оны 11 дүгээр сард үйл ажиллагаагаа эхэлсэн нь тус суман дахь цорын ганц  колонк байсан байна.

Тус компани үйл ажиллагаагаа эхлэхдээ Улсын комисст хүлээлгэж өгөөгүй, "жижиглэнгийн тусгай зөвшөөрлийн үнээр үйл ажиллагаа явуулах" тусгай зөвшөөрөлгүй байсан учраас аймгийн МХА-наас 2018 оны 12 дугаар сарын 24-нд шалгалт хийж, үйл ажиллагааг нь ийнхүү зогсоожээ.

"Хөрс” автосервис компани дутуу байсан бичиг баримтаа бүрдүүлэн МХА-д хүргүүлсэн бөгөөд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас удахгүй Улсын комисс томилогдон хүлээж авахаар төлөвлөж байгаа аж.

Тус сумын ард иргэд, байгууллагууд зэргэлдээх Говь-Угтаал (45 км-т) сум, 65 км зайтай Говьсүмбэр аймгийн төвөөс болон Улаанбаатар явсан нэгэндээ шатахуун захиж, хэрэгцээгээ хангаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ