Баярын өдрүүдэд хэрэг, зөрчил өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар бага бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 12 дугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын нэгний шинэ жилийн баяр, амралтын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж, гэмт хэрэг, зөрчил өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 51.2 хувиар буурч, онц ноцтой гэмт хэрэг гараагүй болохыг тус байгууллагаас мэдэгдэж байна.
Дээрх өдрүүдэд гэмт хэргийн 2,
зөрчлийн 1 дуудлага мэдээлэл хүлээн авч, эргүүл, хяналтаар согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодсон 9 зөрчил илрүүлж, согтуугаар зөрчил гаргасан 5 иргэнийг
саатуулжээ.
Шинэ жилийн баяраар согтууруулах
ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон иргэд хөлдөж, осгох
аюул тохиолддог. Энэ удаа гудамж талбайд биеэ авч явах чадваргүй явсан 20
хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч, тэдний амь насанд аюул учрахаас сэрэмжилж
чадсан байна.
Цагдаагийн алба хаагчид шинэ жилийн
баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх
зорилгоор ийнхүү цаг наргүй ажилласан нь үр дүнд хүрсэн байна.