Р.Барсболд: Геологийн салбарт өөрийн орны эрдэмтдийн нэгдсэн бүтээлтэй байхыг зорьсон

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-01-08 15:19:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдэд Төрийн соёрхол хүртээсэн билээ. Шинжлэх ухааны салбарт анх 1996 онд таван гишүүнтэй багт Төрийн шагнал хүртээж байсан түүхтэй. Харин энэ жил цогц, том бүтээлд олголоо хэмээн эрдэмтэн судлаачид талархалтай байна. Олны талархлыг ихэд хүлээж буй, энэ ботийн талаар Төрийн шагналт, академич Р.Барсболдоос дараах зүйлсийг тодрууллаа.

-Юуны түрүүнд, Төрийн шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Шинэ оны босгон дээр төр засаг маань эрдэмтэддээ, тэр тусмаа нэг дор зургаан эрдэмтэнд төрийн шагнал олгосонд олон нийт нэн талархалтай байна?


-За баярлалаа. Ер нь бол дуучин, булчин сайтай спортынхондоо монголчууд дуртай. Гэхдээ энэ удаа эрдэмтэн судлаачдаа үнэллээ гэж хүмүүс баяртай байх шиг байна. 


-Эдгээр бүтээлд та бүхний хэчнээн жилийн хүч хөдөлмөр шингэсэн бэ?


-Монголын геологийн шинжлэх ухааны 30 гаруй жилийн судалгааны материалыг нэгтгэж, 53 эрдэмтэн энэ бүтээлийг гаргахын төлөө 2009-2012 онд хамтарч ажилласан. Энэ цуврал ботийг 2012 онд засварлан, хоёр дахь удаагаа хэвлүүлсэн юм. Найман ботид геологийн маш их материал цугларсан. Тэдгээрийг нэгтгэн, хамгийн гол нь геологийн салбарт өөрийн орны эрдэмтдийн нэгдсэн бүтээлтэй байхыг зорьсон л доо. Түүнээс бус орос, англи хэлээр олон тооны ном өгүүлэл байдаг. Одоо харин эдгээр цувралыг худалдаанаас авъя гэхэд найман ботиороо лав олдохгүй. Геологийн салбар болон бусад салбарынхан үнэхээр сонирхдог, эрэлт хэрэгцээтэй бүтээл юм.


-Эдгээр цувралын шинжлэх ухааны гол үнэ цэнэ, ач холбогдлыг та дүгнэж хэлж өгнө үү?


-Монголын геологи, ашигт малтмалтай холбогдсон найман томоохон чиглэлийг эмхэтгэсэн. Ерөнхий редактор, доктор Ж.Бямбаа маань багийг маш зөв бүрдүүлсэн. Онолын талын мэдлэг үндэслэлээс эхлээд, ашигт малтмалтай холбогдох чулуулаг,  хурдас, тухайн үе шатын хөгжлийн хувьслыг нэгтгэн, металл, металл бус  нүүрс, ус гээд гол ашигт малтмалыг эл цувралд тусгасан.  Эдгээр бүтээл нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн сүүлийн 30-60 жилийн хугацаанд буй болсон геологийн бүхий л талын судалгааны материалыг үндэсний геологч-эрдэмтэд туурвисан анхны нэгтгэл болж байгаа юм.

Геологи, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ үед гадаад, дотоодын геологичдын эрэлт хэрэгцээг хангахад энэ бүтээлүүд чиглэсэн. Мөн геологи, эрдэс баялгийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуучуудад үндэсний хэлээр бичсэн сурах бичиг ховор байгаа энэ үед гарын авлага, лавлах материал болж байна. Өөрийн орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын нөөцийг нэгэн цаг үеэр тасалбар болгон нэгтгэнэ гэдэг бол дотооддоо улс орныхоо болон аймаг орон нутгийн хөгжлийг түргэсгээд зогсохгүй улмаар дэлхий дахинд өөрийн орноо сурталчлах, тусгаар тогтнолоо баталгаажуулахад онцгой чухал ач холбогдолтой юм.


-1960 оноос хойшхи геологийн шинжлэх ухааны дорвитой бүтээл болсон гэж олон эрдэмтэн магтаж байсан. Тэгэхээр геологийн судалгаа 30, 40 жилийн өмнөхөөс ямар онцлогтой болж хөгжсөн байдаг вэ?


-1960-аад оны үед 8 боть ном нь хэдий бичигдэж байсан ч цаг нь болоогүй байсан. 1970-аад он бол, олон зүйлийг товчлоод, хэвлэгдээгүй байсан олон зуун эрдэм шинжилгээний өгүүлэл, тайланг түшиглэн арайхийж давхарга зүйг нь босгож байсан үе. Тиймээс тэр үед товчилж бичсэн 2-3 ном гарсан. Түүнчлэн энэ найман бүтээл ч хөдөлшгүй юм биш. Эдгээр найман боть бүгдийг шийднэ гэж хэлж болохгүй. Шинжлэх ухаан гэдэг найм байна уу, 18 ботиор дуусахгүй. Заримыг нь шинэчлэх, өргөжүүлэх хэрэгтэй. Ерөнхий редактор Ж.Бямбаа маань эдгээр ботийг 2-3 жилийн өмнөөс англиар орчуулах ажлыг эхлүүлсэн.


-Таны хувьд, “Палеонтологи” эртний ургамал ба амьтан судлалын чиглэлээрх II ботийг бичсэн. Энэ ботийн тухайд өгүүлбэл?


-Монгол орны хэмжээнд судалсан эртний амьтан, ургамлын үлдвэрийн бичиглэл, ангилал, морфологи, тархалт, геологийн ач холбогдлыг харуулахыг зорьсон. Геологийн судалгаа гэдэг бол шинжлэх ухааныг агуулсан ажил юм. Газрын гүнд, далд байгаа юмыг бид харж чадахгүй ч, шинжлэх ухааны гаргасан шинж тэмдгүүдэд үндэслэн, ямар нэгэн ашигт малтмал тухайн үе, бүст байх эсэхийг тогтоодог.

Палеонтологийн хэсэгт гэхэд, дээр хэлсэнчлэн шинэчлэлт бодитоор орох байх. Тэр нь муудаа биш юм. Дэлхийд судалгаа эрчимтэй явагдаж, шинэ төрөл зүйл гарч байдаг. Бид сүүлийн ботийг 2012 онд гаргаснаас хойш 6 жил өнгөрчээ. 2012 ондоо бичээд, тэр ондоо хэвлүүлээгүй шүү дээ. Бүрдүүлж эхэлсэн нь 2008 он гэхээр, бараг 10 жилийн өмнө болоод байна. Тиймээс сүүлийн үеийн 5-6 жилийн судалгаагаар шинэчлэх ёстой. ОХУ, АНУ-ынхан гэхэд л, палеонтологид шинэчлэл оруулсаар байна шүү дээ.


 

Холбоотой мэдээ