Ховд аймгийн төв зах түрээсээ 20-40 мянган төгрөгөөр нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-08 16:40:28

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн баруун бүсийн төв зах буюу задгай захын түрээсийн төлбөр өмнөх оны 12 дугаар сарын 26-ны өдөр  20-40 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингэснээр сард 65-130 мянган төгрөгийн түрээс төлдөг байсан бизнес эрхлэгчид 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 85-150 мянган төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг болжээ.

Баруун бүсийн төв захыг тохилог худалдааны төв болгож засварлахгүй ч гэсэн бороо, цаснаас торгоох ганц дээврийн асуудал ч шийдээгүй, бие засах газар нь эрүүл ахуйн стандартад нийцэхгүй, хог хаягдал, агаарын бохирдолтой орчинд хөдөлмөр эрхэлж байхад тодорхойгүй шалтгаанаар захын түрээсийн үнэ тарифыг нэмэх шийдвэр гаргасанд жижиг худалдаа, бизнес эрхэлж буй иргэд бухимдалтай байна. Энэхүү зах нь техникийн зах, махны зах, барааны зах зэрэг 5 хэсгээс бүрдэх бөгөөд одоогийн байдлаар 400 гаруй бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр түрээслэгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. 

Тэгвэл бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох техникийн зах дээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй иргэдийн санал хүсэлтийн дагуу Баруун бүсийн төв захын захирал Т.Хүдэрчулуунтай уулзаж, захын түрээс нэмэгдэх болсон шалтгааныг тодрууллаа. Тэрээр сүүлийн үед шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан захын түрээсийг тухайн бизнес эрхлэгчийн түрээслэх газрын талбайн том, дунд, жижиг хэмжээнээс шалтгаалан 20-40 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн гэж хэллээ. 

Бизнес эрхлэгчид “Бид зуны улиралд наранд шарагдаж, өвөл нь хүйтэн цемент дээр зогсч амьдралаа залгуулж байна. Түрээсийн төлбөр нэмэгдлээ гээд худалдан авалт бага байгаа энэ үед барааныхаа үнийг нэмэх боломжгүй. Барааны үнийг нэмчихвэл орлогогүй сууна. Тиймээс захын түрээсийн төлбөрийг бууруулах, бизнес эрхлэгчдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна” гэсэн саналуудаа уламжлаад байна. 

                                                                                                 Н.Лхагва





Холбоотой мэдээ