МСҮТ-д суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-09 13:23:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо.

Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч уг тэтгэлгийг авах юм. Өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үздэг байхаар өөрчиллөө. Тухайлбал “D” үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол 70 мянга, “С” бол 80, “В” бол 90 мянга, “А” бол 100 мянган төгрөг авна гэсэн үг юм. Гэхдээ тухайн суралцагч нийт хичээлийн дөрөвний нэгээс дээш буюу 33-аас дээш цагийн хичээлд суугаагүй бол ямар ч үнэлгээтэй байсан тэтгэлэг олгохгүй байхаар журамд заажээ. 2018-2019 оны хичээлийн жилд техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн түр сургалтад 37 мянга гаруй хүн суралцаж байна.


Товч мэдээ:

-“Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталлаа. Үнэлгээ нь шуурхай, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн гэсэн гурван шаттай байх юм. Ингэснээр хохирлыг шуурхай, бодитой тооцож, гамшигт нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, яаралтай болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт сайжирч, хойшлуулшгүй сэргээн босголт болон хөгжлийн төлөвлөлтийн үр дүн нэмэгдэнэ гэж үзлээ.

-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив.

-Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд босгох хүрэл хөшөөний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Хөшөөг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв дэх Ерөнхий сайд Ц.Жигжиджавын гудамж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах юм.

-Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Холбоотой мэдээ