ЗАВХАН: Өсвөрийн аврагч хүүхдүүд үе тэнгийнхнээ сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-25 15:50:03

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Завханы өсвөрийн аврагч бүлгийн хүүхдүүд гал түймэр унтраах, анхан шатны тусламж үзүүлэх сургалтаар сурсан мэдсэнээ үе тэнгийнхэндээ таниулна.


Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалж бусдад дэмжлэг үзүүлэх чадамжтай болгох зорилготой өсвөрийн аврагч бүлгүүдийг байгуулсан.


Анх 2016 оноос эхлэн аймгийн ерөнхий боловсролын 7 сургууль дээр өсвөрийн аврагч бүлгийг байгуулж, өөрийн байгууллагынхаа дэргэдэх өсвөрийн аврагч бүлэг болгож чадавхжуулах сургалтуудад жил бүр хамруулж байна.


Энэ удаад аймгийн улаан загалмайн хороотой хамтран өсвөрийн аврагч бүлгийн 50 гаруй хүүхдэд “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтад Ургамал, Цагаанхайрхан, Улиастай сумын 50 гаруй сурагч хамрагдсан юм. Сурагчид гал түймэр унтраах, анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлт, бойсай карт гэж юу болох, өндрөөс аврах ажиллагааг хэрхэн хийх зэрэг сэдвийн хүрээнд гамшгаас хамгаалах мэдлэг эзэмшиж, сургагч багшаар бэлтгэгдлээ.

 

Анхны өсвөрийн аврагч бүлгийн гишүүн хүүхдүүд сургуулиа төгсөөд явсан учраас залгамж халааг нь жил бүр шинэчлэн элсүүлж авдаг. Тиймээс жил бүр болдог сургалтууд өөр өөрийн онцлог ялгаатай болдог. Энэ жилийн хувьд өсвөрийн аврагч хүүхдүүдийнхээ хүрээг тэлэхэд хүүхдүүд маань хамтран оролцож өөрсдөө сургагч багш болж бэлтгэгдэж буйгаараа онцлогтой юм.


Өсвөрийн аврагч бүлгийн шинэ гишүүдэд Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гамшгийн үед хэрэглэдэг багаж хэрэгслүүдийг таниулах мэдээлэл өгдөг. Харин туршлагатай гишүүдэд болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалж бусдад дэмжлэг үзүүлэх. Гамшиг ослын үед хэрхэн самбаачилж ажиллах, хамгийн түрүүний зөв үйлдэл гэхчлэн ур чадваруудыг эзэмшүүлэх дадлага ажилтай сургалтуудыг явуулдаг онцлогтой юм.


Өнөөдрийн байдлаар аймгийн 10 суманд өсвөрийн аврагч бүлэг ажиллаж тэдгээр бүлгүүдэд 120 орчим өсвөрийн аврагч хүүхэд байна хэмээн Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

 

Ташрамд, Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны З03 дугаар тогтоолоор батлагдсан "Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан "Өсвөрийн аврагч” бүлгийг байгуулжээ.


Өсвөрийн аврагч бүлгийн ажиллах зааварт, "Өсвөрийн аврагч" бүлэг нь болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг сурагчдад эзэмшүүлэх замаар аюулгүй амьдрах ухаан хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг арга юм гэж заажээ. 

Бүлгийн үйл ажиллагааг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хэлтэс ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар дэмжлэг үзүүлж сурагчдыг сургалтад хамруулах. Мэргэжлийн заавар, зөвлөмжийг олгон хамтран ажиллах, нэгдсэн удирдлагаар ханган, чиглүүлж ажиллана гэж заасан байдаг.


Өсвөрийн аврагч хүүхдүүд эрсдэлийн үед хэрхэн ажиллах дадлага сургуульд хамрагджээ.

Холбоотой мэдээ