"Цагаан сар-2019" үзэсгэлэн худалдаанд найман аймаг оролцох төлөвтэй байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-01-11 14:18:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Урвуулагч хэмээх шарагчин Гахай жилийн сар шинийн баярыг угтан  “Цагаан сар -2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраар хэрэглэгддэг хувцас, хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүнийг иргэд нэг цэгээс өргөн сонголттойгоор хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчилан таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаа 2018 оны 01 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Залуучууд театрт зохион  байгуулагдах ажээ.

Төвийн бүсийн тулгуур Дархан-Уул аймагт жил бүр зохион байгуулагддаг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд Дарханчуудаас гадна Сэлэнгэ, Булган, Дундговь, Хөвсгөл, Төв аймгийн болон Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид оролцдог уламжлалтай.Дээрх аймгуудаас гадна Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймгууд оролцох төлөвтэй байна.Архангай аймгийн тухайд цагаан идээгээрээ алдартай бол Сүхбаатар аймгийн тухайд уран дархчуудын өлгий гэгддэг.Жил ирэх бүр хүрээгээ тэлж байгаа сар шинийн баяр зориулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцох аймгуудын бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид нэмэгдэж байгаа нь ихээхэн үр дүнтэй болдог нь харагдаж байна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Үзэсгэлгэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо ажилладаг бол хамтран зохион байгуулагчдаар Аймгийн ЗДТГ, Хонгор, Орхон, Шарын гол сумдын ЗДТГ, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар зэрэг 15 байгуулга ажилладаг байна.

Дашрамд үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн мэдүүлгийг Эмэгтэйчүүдийн ордонд энэ сарын 5-наас 23-ны өдрийг хүртэл авах ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-7717, 9904-3051, 99394303 утсаар авах боломжтой.

 

Холбоотой мэдээ