АСЕМ-аас өмнө бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-11 15:18:03

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнөөдөр аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ цаг үеийн асуудлаар хэд хэдэн чиглэл өгөв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд цаг агаарын урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг иргэд малчдад цаг алдалгүй хүргэж байхыг анхаарууллаа.

Энэ жил их хэмжээний цас нийт нутгаар орсон нь шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй нөхцөл үүсч буйг хэлэв. Мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилсан мэдээнээс харвал ирэх 7 хоногийн эхнээс эхлэн нийт нутгаар дулаарч, нэмэх хэмд орохоор байгаа тул үерийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг тэрбээр даалгав.

Мөн өнгөрсөн шуурганы улмаас хохирол амссан зарим аймгуудад нэмэлт өвс тэжээл хүргэсэн болохыг ЗГХЭГ-ын дарга дуулгаад мал төллөлтийн ажилд бэлтгэл сайтай оролцохыг чиглэл болголоо. Үүний зэрэгцээ тариалан эрхэлдэг аймгууд ажлаа эрчимжүүлж, ХХААЯ-тай уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй гэлээ.

Энэ жил сонгууль болон АСЕМ-ын уулзалт болно. Иймд дээрх хоёр том арга хэмжээнээс урьтаж бүтээн байгуулалтын ажлыг гурав, дөрөвдүгээр сард багтаан яаравчлах нь зүйтэй гэдгийг аймгуудын ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт уламжлав.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ