Хэвтэн эмчлүүлэгсдийн 63 хувь нь хатгалгаатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 6
тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөний 121 нь буюу 63 хувь нь уушгины
хатгалгаа өвчний оноштой эмчилгээ хийлгэж байна.
Тус эмнэлэг 131 ортой хэдий ч томуу, томуу төст өвчний гаралт
ихэссэн учраас 70 ор нэмж, төрөхийн өмнөх амрах өрөөндөө өвчтөн хүлээн авч,
одоо 192 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Жирийн үеийнхээс өдөрт 2-3 дахин
илүү дуудлага хүлээн авч байгаагийн 70
хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байгаа аж.
Нэгдсэн эмнэлэг энгийн үед дуудлаганд
1 машин, 1 эмч явдаг байсан бол одоо 2 эмч, 2 машин тогтмол гарч, хүүхдийн
тасагт өдөртөө 5 сувилагч, шөнөдөө 3 сувилагч, 4 эмч ажиллаж, тус эмнэлгийн хувьд хүч нэмэгдүүлэн уртасгасан цагаар ажиллаж байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлгээс гарах
хүний тоо цөөн, цаашид энэ байдлаар өвчтөн нэмэгдвэл нэмж хүн хүлээж авах орны
нөөц байхгүй байгаа хэмээн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал мэдэгдлээ.
Насанд хүрэгчдийн хувьд зүрх судас,
уушгины архаг хууч өвчтэй хүмүүст илүү хүнд тусч байгаа бөгөөд өвчний шинж
тэмдэг мэдэгдсэн эхний үед гадуур гаралгүй халуун бүлээн юм ууж, биеийнхээ
эсэргүүцлийг сайжруулах, амин дэм түлхүү хэрэглэж, яаран хүчтэй антибиотик
хэрэглэхгүй байхыг тус эмнэлгээс анхаарууллаа.