Гахайтай айл өрхийн судалгааг нарийвчлан гаргахыг даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-15 11:16:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагтай хил залгаа оршдог Булган аймагт гахайн мялзан өвчин гарсантай болон холбогдуулан Сэлэнгэ аймгийн онцгой комисс энэ сарын 14-ний өдөр хуралдлаа.

Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил хоёр чиглэлд хэд хэдэн холбогдох үүрэг чиглэл өгсөн байна.

 Нэгдүгээрт хил залгаа Булган аймагт гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор:

-Монгол Улсын хэмжээнд зарим аймгуудад гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах.

-Гахайтай айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, тэжээвэр гахайг суурин хашаа саравчинд гадагш гаргахгүй байлгах

-Ариутгалын постыг гол цэгүүдэд нээн ажиллуулах

-Гахайн мялзан өвчний халдвар илэрвэл цаг алдалгүй хөл хорио тогтоон, арга хэмжээ авч ажиллах

-Ард иргэдэд тухайн өвчний талаар үнэн зөв бодит мэдээллийг өгөхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо. Гахайн мялзан өвчин нь илрэхдээ гахайн биеэр хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг бөгөөд гахайнаас гахайнд халдварладаг байна. Мөн хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг гэнэ. Иймд гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Сэлэнгэ аймгийн тухайд Мандал, Сүхбаатар сум хамгийн олон гахайтай ажээ.


Мөн хоёрдугаарт онцгой комиссын хуралдаанаар улс даяар томуу, томуу төст өвчин ихсэж буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Тухайлбал:

-Амьсгалын замын халдварт өвчний халдвараас урьдчилан сэргийлж, нийтийг хамарсан ажил арга хэмжээг бага зохион байгуулах.

-Олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол хэрэглэх.

-Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон эмийн хүрэлцээ хангамжид анхаарч, байнгын тасралтгүй байх нөхцөл бололцоог хангах.

-Томуугийн А төрлийн вирус (H1N1)-ын талаарх мэдээллийг иргэдэд өгч, хэрхэн яаж халдварлахгүй байхыг таниулах арга хэмжээг авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

H1N1 халдвараар гол төлөв жирэмсэн эмэгтэйчүүд, 1-3 насны хүүхдүүд, 65-аас дээш настай ахмадууд өвдөж байгаа ажээ. Томуугийн вирусийн халдвар авсан бол өндөр халуурч, булчин шархирах гэх мэт шинж илэрдэг байна. Бусад амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгээс илүү хүндэвтэр гэж ойлгож болох аж. Илрэх шинж тэмдэг нь энгийн ханиадтай төстэй. Тиймээс хүмүүс хамрын ханиадтай андуурч буруу эмчлэн хүндрүүлж байгаа юм байна. Иймээс мэргэжлийн эмчийн зааврын дагуу эм бэлдмэл хэрэглэж, зөв эмчилгээ хийх хэрэгтэйг иргэдэд анхаарууллаа. 

Холбоотой мэдээ