Их аварга Кисэносато зодог тайлахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-16 11:13:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 72 дахь Их аварга Кисэносато зодог тайлахаар болсныг албан ёсоор түүний дэвжээний багш Тагоноура  /2019.01.16/ мэдэгдлээ.


Их аварга Кисэносато өмнөх 10 башёгийн есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон. Харин энэ удаагийн Хацү башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан ч эхний гурван өдөр дараалан унаснаар ийнхүү сумогийн замналдаа төгсгөл тавилаа.


Дэвжээний багш Тагоноура мэдэгдэхдээ “Би түүнийг Их аварга цолонд хүртэл явсанд үнэхээр баяртай байна. Тэр бүх хүчээ дайчлан зүтгэсэн ч түүний Их аварга цолтойгоор барилдсан хоёр жил дэндүү хурдан өнгөрлөө” хэмээн ярьсан байна. Тэрбээр бэртэл гэмтлийн улмаас сүүлийн нэг жил гаруй хугацаанд бараг барилдаагүй юм. 


Япончуудын хүсэн хүлээсэн мөрөөдлийг биелүүлж, Озэки Кисэносато 2017 оныг гайхалтай эхлүүлж хоёр башё дараалан буюу нэг болон гуравдугаар сард түрүүлсэн амжилтаар 72 дахь Их аварга болсон билээ. Тэрбээр мөрөөдөлдөө хүрсэн ч, гуравдугаар сард 70 дахь Их аварга Харүмафүжитай барилдахдаа мөрөөрөө дарж унан ялагдсан. Түүнээс хойш ийнхүү 10 башёд тэмцээнийг дундаас нь орхиод байсан юм.


Өдгөө 32 настай Кисэносато нь анх сумо бөхийн ертөнцөд 2002 оны гуравдугаар сард хөл тавьж, хоёр жилийн дараа буюу 2004 онд дөнгөж 18 насандаа дээд зиндаанд барилдах болсон юм. Улмаар 8 жилийн дараа 2012 онд Озэки цолонд хүрч, 2017 онд Их аварга цолыг хүртсэн. Тэрбээр 1998 оноос хойш энэ цолд хүрсэн анхны Япон сумоч болж чадсан юм. Аварга цол хүртсэнийхээ дараа цээжээ бэртээсэн нь түүний карьерыг өндөрлүүлэх шалтгаан болжээ.


Дашрамд сонирхуулахад, Анх түүнийг Ёкозүна цол хүртэхэд нь түүний ааваас сурвалжлагч: Таны хүү ёкозүна боллоо. Танд юу бодогдож байна гэхэд, “Зодог тайлах нь л хурдан болох байх даа” хэмээн хэлж байсан билээ. 

Холбоотой мэдээ