Сүүлийн 17 жилд гэр бүл салалт дөрөв дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-17 21:37:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр төлөвлөсөн зорилтуудыг хэрэгжүүлэх, монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, сурах, хөдөлмөрлөхөд таатай орчин нөхцөлөөр хангах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хөгжлийн үйлчилгээг гэр бүлд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна.

Нэн тэргүүнд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгах зорилгоор Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийг лхагва гарагт зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт төрийн байгууллагын албан хаагчид болон орон нутгийн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж зэрэг салбар салбарын төлөөллүүдээс бүрдсэн 130 гаруй хүн оролцож, үзэл бодол, саналаа илэрхийлжээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг урд өмнөхөөс арай өөр хэлбэрээр буюу иргэдийг бүлэгт хуваан саналыг нь нэгтгэх хэлбэрээр зохион байгууллаа. Ингэснээр цаг хэмнэх, иргэд үзэл бодлоо нэгтгэж санал давхардуулахгүй байх давуу талтай юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид харилцан санал бодлоо солилцох хэлбэрээр “Гэр бүлд хүргэх хөгжлийн үйлчилгээ”-ний талаар бодит ажил болох санал санаачилга, төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулснаараа онцлогтой боллоо. 

Энэ үеэр “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд сар бүрийн нэг өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох, архигүй өдрийн тоог нэмэгдүүлэх, байгууллага, баяр ёслолыг архигүй тэмдэглэж байх, 2019 онд архидалтыг эрс бууруулах, залуу гэр бүлүүдэд зориулсан цогц сургалтыг тогтмол явуулж байх, аж ахуй нэгж бүр “Эцэг эхийн зөвлөл” байгуулах, түүгээр дамжуулан гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлийн ажлуудыг зохион байгуулах, “Эрүүл монгол гэр бүл”-ийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх зэрэг олон санал гаргалаа.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлого, хэрэгжилт, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Мягмаржаргал “Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, үйлчилгээний хэрэгцээ” сэдвээр, Дархан-Уул аймаг дахь анхан шатны Шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан “Гэр бүл цуцлалтын өнөөгийн байдал” болон иргэд рүү чиглэсэн ажлын товч мэдээлэл хүргэв.

Тодруулбал 2017 онд “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”, 2018 онд Зөвлөгөө өгөх төвийн дэргэд “Ганцаарчилж уулзах өрөө”-г 1.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж байгуулсан бол “Сэтгэл зүйчдийн клуб”-ыг мөн дэргэд нь байгуулжээ. 2017 онд тус төвөөр 188 иргэн, 2018 онд 260 иргэн үйлчлүүлжээ.
Мөн
Орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Түр хамгаалах байр”-ыг байгуулсан зэргийг дурдав.
Мэдээлэл хүргэж байхад анхаарал татсан нэг асуудал нь сүүлийн 17 жилийн хугацаанд гэр бүл салалт буюу цуцлалт 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт байв. Энэ нь төлөвлөөгүй гэрлэлт, гадаад оронд ажиллаж тусдаа амьдрах, ахуйн хүрээний дарамт, архидалт, хардалт зэрэг олон шалтгаанаас үүдсэн ажээ.

Ийнхүү 2019 оныг аймгийн хэмжээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлийг оролцуулсан анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Ирэх даваа гарагт буюу энэ сарын 21-ны өдөр залуу гэр бүл, залуучуудын төлөөллийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болов. 

Холбоотой мэдээ