Том төслүүдээ эргэлтэд оруулснаар 26.3 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-17 09:54:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улстөр, нийгмийн тогтолцоогоо зөв өөрчилж чадвал манай улсыг чиглэх хөрөнгө оруулалт 2019-2030 онд тогтвортой нэмэгдэх боломжтой гэдгийг эрдэс баялгийн эдийн засагч, “Coal Mongolia” чуулганы санаачлагч Л.Наранбаатар онцлов. Тэрбээр саяхан олон нийтэд  “Төлөөс” лекц уншсан юм.

Тэрбээр, “Хил залгаа өмнөд хөрш маань 2030 он гэхэд дэлхийн хамгийн өндөр цалинг гадны ажиллах хүчинд олгох гэж байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний эрэлт нь одоо байгаагаас огцом нэмэгдэж, Хятадыг зорих олны урсгал тэр хэрээр өсөх тооцооллыг олон улсын судалгааны байгууллагууд гаргах боллоо. Бид дэлхийн хөгжлийн төв, хөрөнгө оруулалт, бизнесийн талбар болоод байгаа Хятадын боломжоос зугтаж, улс төр болон эдийн засгийн хямралд гүн нэрвэгдсэн Латин Америк болон Ойрх Дорнодын жишгээр явах ёсгүй” гэдгийг тэмдэглээд, Манай улсын одоогийн нөхцөл байдал дээрх жишгийг хүсэмжлэх учиргүй, 1992 оноос хойш бид 15 Засгийн газрын нүүр үзэж, "Засгийн газрын дундаж наслалт" 1.5 жилээр хэмжигдэх хооронд улс төрийн уналт, сорилттой ээлж дараалан тулгарсан.


Ийм тогтворгүй, хэрүүл тэмцэлтэй амаргүй цаг хугацааны “төлөөс”-ийг олон түмэн амьдралаараа төлж, хэцүү, бэрхийг нь амсаж ирлээ. Гэтэл дэлхий нийтэд цахилгаан гал тэрэг, дрон, ухаалаг утас хүний амьдралын өнөөдрийн хэв маягийг бүхэлд нь өөрчилж, мэдээллийн технологийн компаниудын эрин үе эхэлж байна. Далайн уул уурхайн салбар хурдацтай хөгжиж буй дэлхийн хөгжил дэвшилтэй бид хөл нийлүүлж, хөгжлийн замаа төлөөс багатайгаар цаашид товчлох шийдэл”-ийг тэрээр санал болгов.

“Бид 4.5 их наяд ам.долларын баялагтай атал яагаад өнөөдөр ийм ядуу, зүдүү амьдарч байна вэ. Үүний хариултыг олцгооё. Энд бизнесийн орчин нэгдүгээрт тавигдах бөгөөд энэ талаар манай улс 2018 онд 12 байраар ухарчээ. Нийгмийн хөгжлийг хойш татагч авлигын индексээр Монгол Улс 175 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2017 оныхтой харьцуулахад 16 байраар ухарсан байна. Аз жаргалын индекс дэлхийн дунджаар 26.4 нэгж байхад манай улсад энэ нь 14.3 нэгж байна. Тиймээс монголчууд бидэнд одоо эдийн засгийн томоохон төслүүдээ урагшлуулахаас өөр илүү оновчтой зам алга гэдгийг тэрээр мөн тэмдэглэсэн байна.

Хүлээлт үүсгэсэн “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт саадгүй урагшилж, Цагаан суварга, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа гацаах бус хөдөлгөж, эхлүүлж байж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гарц бидний өмнө байна. Ингэснээр 26.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа юм. Хэрэв энэ хөрөнгө оруулалт ороод ирвэл 2019 онд экспортын орлого найман тэрбум ам.доллар хүрэх бололцоотой. Монгол Улс өнөөдөр салаа замын уулзварт ирээд байна. Тогтолцоогоо өөрчилж, төслүүдийг урагшлуулж, тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлж чадвал 2030 он гэхэд, манай улсын эдийн засгийн дундаж өсөлт 6.6 хувь, нэг хүнд ногдох ДНБ одоогийнхоос 4-5 дахин нэмэгдэж, 17.500 ам.доллар байх боломж, найдвар харагдана” хэмээн өгүүллээ.

Б.Болд

Холбоотой мэдээ