ХӨСҮТ-ийн эмч нар Баянхонгорт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймагт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Н.Цэнд, Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл нар улирагч долоо хоногт ажиллалаа.
ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Н.Цэнд “Халдварт өвчний онцлог”, “XXI зууны томуугийн цартахлын уриа дуудлага” сэдвээр, ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл “Томуу, томуу төст өвчин, түүний тандалт”, “ЭМС-ын 2014 оын 358 дугаар тушаал”, “Менингококкт халдвар” сэдвээр ӨЭМТ, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийн 30 гаруй эмч нарт сургалт хийсэн байна. Мөн эмч нарын баг томуугийн 1, 2 дугаар зэрэглэлийн зарим харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх, ажлын байран дээр зөвлөмж, зөвлөлгөө өгч ажиллажээ. Бас бэлэн байдлыг ханган ажиллах, дэгдэлтийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.
Дэмжлэгт хяналтаар аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан, Эрүүл мэндийн газарын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга С.Батцэцэг, халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Э.Цэнд, Эмнэлгийн тусламжийн төвийн дарга Д.Энхшүр, Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга С.Энхбаяр, Чанарын албаны дарга А.Ганболд нар мөн ажилласан аж. Нэгдсэн эмнэлгийн Хүүхэд, Халдварт, Төрөх, Хүлээн авах тасаг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн томуугийн тандалтын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ажлын байран дээр заавар зөвлөмжийг өгчээ.
Ажлын хэсгийнхний дүгнэлтээр, ӨЭМТ-ийн томуугийн харуулдан тандалтын мэдээ өгөлт тогтмолжсон, “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй, жил бүр тодотгол хийдэг, түүний дагуу үйл ажиллагааг явуулан хэвшсэн сайн тал байгааг хэлж байна. Харин түүнийхээ биелэлтийг баримтжуулан гаргадаггүй, ӨЭМТ дээр сорьцийн материал болон сорьц хадгалах хөргөгчгүй тул сорьц авдаггүй, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сэжигтэй хүмүүсийг илгээж сорьц авахуулдаг дутагдал байгааг мөн дурджээ.
Б.Мөнхзул