Дарханд гахайн мялзан өвчин дахин илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-17 17:01:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Африкийн гахайн мялзан өвчин Дархан сумын 7 дугаар багт гарсан бол Дархан сумын хоёрдугаар баг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Ширээ нуруу хэмээх газарт бас гарчээ. 

Энд Дархан сумын хоёрдугаар багийн айл өрхүүд амьдардаг юм.

Дээрх хоёр багт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан 46 амьд гахайг устгаж, 14 үхсэн гахайны сэг зэмтэй нийлүүлэн, тусгайлан ухсан нүхэнд булж шатаажээ.

Уг ажлыг Дархан сумын Онцгой комиссоос үүрэг чиглэл өгч удирдлагаар ханган Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Мал эмнэлэгийн газар, Дархан-Ус суваг ХК, сумын Мал эмнэлгийн тасаг зэрэг байгууллагаас гарсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 16-17-нд шилжих шөнө хийж гүйцэтгэсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр хуралдсан Дархан сумын Онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав. 
Үүнд:

Дархан сумын 1-16, Өргөө, Малчин багийн Засаг дарга нар гахай тэжээдэг иргэдтэй 9 багийн айл өрхөөс гадна баг бүртээ нийтийн хоол, хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд, хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хиаман цехүүдээр нэг бүрчлэн орж, сумын Онцгой комиссын албан мэдэгдэл, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан гоц халдварт өвчний заавар зөвлөмжийг яаралтай хүргэх, тандалт, үзлэг судалгаа зохион байгуулан, хяналт тавьж, иргэдээс мэдээлэл авах, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг даалгалаа.

Мөн гахай тэжээдэг өрхүүд үхсэн гахайн сэг зэм, сэжигтэй тохиолдлыг нуун дарагдуулсан бол Гамшгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээх, гахайг үхсэнээс хойш 12 цагийн дотор мэргэжлийн байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээх ёстойг иргэдэд тайлбарлан, таниулахыг багийн Засаг дарга нарт үүрэг болгов. 

Мөн хөл хорио тогтоосон бүсийн 9 өрхийн иргэдийн дунд нэг сартай нярай, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэй, өндөр настай хүн байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ г хэрхэн хүргэх талаар ЭМГ саналаа Онцгой комисст яаралтай ирүүлж, шийдвэр гаргуулан ажиллахыг даалгасан аж. 
Голомтын бүсээс гадна 3 дугаар багийн иргэн Ц-ийн үхсэн гахайнаас дээж авсан ч улсын төв лабораторийн шинжилгээ хийдэг урвалж бодис дууссан тул эмнэл зүйн шинж тэмдгээр оношилж устгах арга хэмжээг авах чиглэлийг дээд байгууллагаас нь ирүүлсэн гэдэг мэдээллийг аймгийн ХХААГ-аас өгчээ. Тиймээс тухайн байгууллагаас сумын онцгой комисст авах арга хэмжээний талаар тайлбар саналаа ирүүлж комиссын шийдвэр гаргуулан ажиллахыг үүрэг болго
в.

Холбоотой мэдээ