Гахайн мялзангаас сэргийлж нохой устгалыг эрчимжүүлэхийг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-18 13:44:35

Ховд |МОНЦАМЭ| Зарим аймгуудад гахайн мялзан өвчин гарч, нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зарим газар, амьд гахай болон гахайн маханд илэрсэнтэй холбогдуулан Ховд аймагт тухайн өвчлөл тархаж, нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэхээр аймгийн Онцгой комисс хуралдлаа.

Хуралдаанаар орон нутагт гахайн аж ахуй үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг цэгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт хийх, хоол, хүнс үйлдвэрлэгчдийн хаягдлаас өвчний дэгдэлт гарч байгааг анхаарч аймаг, сумдын хогийн төвлөрсөн цэгүүдэд судалгаа, тандалт хийж гүйцэтгэх, гудамжны золбин нохой вирүс тээгч болох тул нохой устгалын арга хэмжээг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэлээ.

Мөн хилээр зорчих иргэдийг гахайн мах, махан бүтээгдэхүүн авч явахгүй байхыг сануулж, аймаг орон нутагт тээвэрлэлт хийхийг түр хориглосон байна. Түүнчлэн манай аймагт гахайн аж ахуй эрхэлдэг 4 иргэн, 2 аж ахуйн нэгжийн 90 гаруй гахай байгаа бөгөөд эдгээр гахайг шинжилгээнд хамруулахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

                                                                                                                 Н.Лхагва  


Холбоотой мэдээ