Мана чулуун дээр "Монголын нэг өдөр"-ийг урнаар сийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-18 16:24:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Үлэг гүрвэлийн төв музейд өнөөдөр сонирхолтой үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнг "Монгол чулуу-2019" гэж нэрлэсэн нь ч содон. Тус үзэсгэлэнгийн дундах үзмэрт сийлбэрч, өндөр настан  Ц.Лувсандашийн чулуугаар урласан бүтээлүүд үзэгчдийн сонирхлыг гойд татаж байв.

Тэрбээр, Өвөрхангай аймгийн Бүрд сумаас олдсон мана чулуун дээр Марзан Шаравын "Монголын нэг өдөр" гэх гайхамшигт бүтээлийг сийлжээ. Энэ бүтээлдээ хоёр жил зарцуулсан гэнэ. Мана чулууны доод суурийг ч ихэд бодож, бэлгэшээж, хар модоор атгасан гар шиг хэлбэртэй бүтээжээ. Энэ нь монголчуудыг эвтэй байхыг сануулсан утгатай хэмээн сийлбэрч өвөө ярьж байна.

Уран сийлбэрч Л.Батмөнх чүнчигноров чулуугаар яст мэлхийнүүд урласан нь мөн л хараа булааж байв. Энэ бүтээлээ яст мэлхий бус "Хааны гэр бүл" гэсэн нь Монголын түүхтэй холбоотойнх гэнэ. Дөрвөн зэргийн яст мэлхийнийх нь нэг нь л гэхэд 100 гаруй кг жинтэй аж. Ийм цул чүнчигноров чулуу олдох нь ховор. Өмнөговийнхоо чулуугаар урласнаа Л.Батмөнх тодотгов. Энэ бүтээлдээ 7 жилийн хөдөлмөр хөлсөө гаргасан байна.

Chimgee Chimgee-н зураг.

Үзэсгэлэнгийн гол хойморт хаш, мана чулуугаар урласан хоёр үлэг гүрвэл байх нь залуу сийлбэрч Ц.Энхийн-Есөнбаатарын бүтээл юм. Хашаар урласан гүрвэлээ Тарбозаврус Батаар гэж нэрлэжээ. Энэ нь 144 см урт, 56 см өндөр, 17 см өргөн, ясыг нь цагаан хаш, шүдийг нь солироор хийсэн нь өнгө нэн зохицолтой болжээ. Суурь хэсгийг Монгол Улсынхаа газрын зургийн хэлбэртэй, ногоон хашаар урласан нь үлэг гүрвэлээ улам ч өнгө оруулсан байв. Үзэсгэлэн зохион байгуулагчдын ярьж байгаагаар, гурав дахь жилдээ гаргаж байгаа энэ үзэсгэлэнд Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгэлтэй 40 орчим ордын дээжээс анх удаа тавьснаа онцлов. Төрийн соёрхолт, минералогийн ухааны доктор Ж.Лхамсүрэн гуайг үзэсгэлэн сонирхож явахад нь Монгол орны үнэт чулууны тухайд лавлалаа. Түүний хэлснээр, монгол орны уул, тал тэр чигээрээ эрдэнийн чулуун дэвсгэртэй. Ялангуяа говьд бол өнгөт эрдэнийн чулуу илүү их байдаг байжээ. Харин одоо олдоц муудаад, үнэт чулуу ч ховордсон. Манай монгол геологич, судлаачид 100 гаруй чулууны ордыг илрүүлсэн. Болор, анар, молор, биндэрьяа, мана, гартаамын орд олдсон нь манай орон баялагтай, байгалийн чулуугаар баян гэдгийг илтгэж байна.

Үлэг гүрвэлийн музейд ийнхүү үзэж сонирхууштай үзэсгэлэн нээгдээд байна.

Холбоотой мэдээ