Ахмадууд "Насны хишиг"-ээ авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Засгийн
газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад “Насны
хишиг” мөнгөн дэмжлэгийг Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө үзүүлдэг бөгөөд өнөөдрөөс эхлэн
тус мөнгийг олгож байна. Насны хишиг хүртэж байсан ахмадууд дахин бүртгүүлэх
шаардлагагүй, харин 65 нас хүрч шинээр хамрагдах ахмадууд энэ сарын 20-иос
өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай аж.
“Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 65-аас дээш насны 2738 ахмад
настан “Насны хишиг”-ийг хүртсэн. Одоо болзол хангасан ахмадууд шинээр нэмэгдэж
Сар шинийн баярын өмнө насны хишгээ хүртэнэ. Ерөнхийдөө 65-69 настай ахмад
настан 50 мянга, 70-79 настай ахмад настан 80 мянга, 80-89 настай ахмад настан
150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийг хүртэнэ.
Ахмадууд өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр
дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх
хэрэгтэй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулбарыг
маягтын хамт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажна” хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга
Д.Цогт-Очир мэдээллээ.