Халаалтаа хэвийн хэмжээнд өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохыг даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-21 14:47:32

Увс /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаж байна. Тэд өчигдөр Увс аймгийн Онцгой комиссыг хуралдуулж салбар салбарын өвөлжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Тэрбээр хэлэхдээ:

“Увс аймгийн хувьд өвс, тэжээлийн нөөцөө сайн бүрдүүлсэн. Одоогоор өвөлжилт хүндэрсэн сум байхгүй, хүндэрч болзошгүй сумдад анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Улсын нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хэрхэн хуваарилах, үнийг хөнгөлөх, үнэгүй олгох, худалдан борлуулах талаар одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна” гэлээ. Харин сумдын нэгдсэн халаалтын талаар ярихад: “18-22 хэмийн дулаантай байх стандарт зарим сумдад доголдож, доод талдаа 5 хэмтэй байгаа нь ялангуяа эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудад хэзээ ч байж болохгүй температур. Тиймээс аймгийн удирдлагууд халаалтаа хэвийн хэмжээнд өгч ажиллахгүй байгаа тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэл өглөө. Тэрчлэн шинээр баригдаж байгаа барилгын чанар, стандартад МХГ-аас хяналтаа сайн тавьж ажиллах хэрэгтэй. Шинээр баригдсан болон засвар хийгдсэн барилгуудын дулаан алдалт анхаарал татсан асуудал болоод байгаа тул барилгын гүйцэтгэлийн ажлыг орон нутгийн компаниудад өгөх нь эргээд хариуцлага тооцоход дөхөмтэй гэдгийг онцолсон юм.

­­­­­­­­

2018 оны төгсгөлөөр баруун аймгууд цахилгааны хязгаарлалтад орсон ч цаг алдалгүй хэвийн горимд шилжүүлж ажилласан нь аймаг орон нутаг, мэргэжлийн анги салбаруудын хичээл зүтгэл, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үр дүн юм. Цаашид дулааны станц, уурын зуухнуудын нөөц дизель моторуудыг байнгын бэлэн байдалд байлгах шаардлагатай, мөн албан байгууллагуудыг нөөц мотортой болгох талаар анхаарч ажиллах хэрэгтэй гэх мэт хэд хэдэн асуудлыг Онцгой комиссын хурлаар хөндөж ярилцлаа.

Холбоотой мэдээ