Малжуулах төсөлд 60 залуу малчин өрхийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 13:54:58

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 60 малчин өрхийг малжуулахаар төлөвлөөд байна. 100-150 толгой малтай бол 4 сая, 100-аас доош толгой малтай бол 5 сая хүртэл төгрөгийн төсөлд залуу малчид хамрагдах боломжтой ажээ.

2013 оноос тасралтгүй хэрэгжиж байгаа тус хөтөлбөрийн хүрээнд 2015 онд 70 малчин өрхийг 320 сая төгрөгөөр малжуулсан байна. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй дээрх хөрөнгөөр хонин толгойд шилжүүлсэн тоогоор 3468 мал олгожээ.

“Малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэлээн сөрөг хэл ам гардаг учраас өнгөрсөн жилээс төсөлд хамрагдах хүсэлт гаргасан бүх залуу малчидтай сум бүрт нь очиж уулзалт зохион байгуулан төслөө нээлттэйгээр хэрэгжүүлсэн нь нэлээн үр дүнгээ өгсөн ажил болсон” гэж Хөдөлмөрийн хэлтэсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн н.Батбилэг ярьж байна.

Дашрамд дуулгахад малчид заавал гэр бүлтэй залуу малчин өрхүүд энэ хөтөлбөрт хамрагдах ёстой гэсэн ташаа ойлголттой байдаг. 150 хүртэлх толгой мал тоолуулсан өрхийн гишүүд дотроос нь 35 хүртлэх насны хоёр гишүүнтэй байхад дээр малжуулах хөтөлбөрт оролцох боломжтой юм. Мөн Хөдөлмөрийн хэлтэсээс зөвхөн малжуулаад зогсохгүй өрхийн аж ахуй эрхлэлтийн талаар сургалтыг зохион байгуулдаг ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ