Баян-Өлгий авлигаас ангид аймаг болох зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-24 11:27:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын өчигдрийн ээлжит ІХ хуралдаанаар "Авлигаас ангид аймаг" дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

            Авилгатай тэмцэх газраас гаргасан шударга байдлын үнэлгээгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын оноо сүүлийн гурван жил дараалан буурч, 2015 онд 65,5 хувиар 17 дугаар байр, 2016 онд 64,2 хувиар 21 дүгээр байр, 2018 онд 55,6 хувиар 20 дугаар байрт тус тус оржээ. Мөн тус аймаг дахь төрийн байгууллагуудаас үйлчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн өгсөн авилгын нөхцөл байдлын үнэлгээгээр  авилгад өртөх өндөр эрсдэлтэй гурван аймгийн тоонд орсон байна.

Иргэдийн үзэж байгаагаар төрийн үйлчилгээний хүртээмж муу, улс төрийн нам, ИТХ-ын төлөөлөгчдийн нөлөө их, төрийн албан хаагчдын ёс зүй, ёс суртахууны түвшин доогуур, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод бус, ажлын байрны хүрэлцээ муу зэрэг нь авилга үүсэх шалтгаан нөхцөл болж байгаа ажээ.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдийг авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталлаа.

Хөтөлбөрийн хүрээнд орон нутагт авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүн ам ихтэй сумдад төрийн үйлчилгээний ТҮЦ машин байршуулах, иргэдэд нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас мэдээллийг шуурхай, хялбар авах боломж бүрдүүлэх, төрийн байгууллагуудыг улс төрийн томилгооноос ангид байлгах, улс төр, эдийн засаг, хувийн ашиг сонирхлын нөлөөллийг бууруулах, нийтийн албыг мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажил зохион байгуулж, үр дүнг жил бүр аймгийн ИТХ-ын хуралдаанд тайлагнаж байхаар журамлалаа.

 

Холбоотой мэдээ