Эрхүү хотын Хавдар судлалын төв эмнэлгийн эмч нар туршлага судалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-24 16:16:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ХСҮТ-д “Эрхтэн шилжүүлэн суулгах талаар, түүнийг тойрсон асуудал” сургалт боллоо. Энэ үеэр, элэг шилжүүлэх есдэх хагалгааг энэ сарын 23-нд амжилттай гүйцэтгэсэн талаар ХСҮТ мэдээлсэн юм. Энэ мэс засалд ОХУ-ын Эрхүү хотын Хавдар судлалын төв эмнэлгийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, манай эмч нараас туршлага судалжээ.


Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг тойрсон асуудлуудыг хөндөн ярьсан тус сургалтад оролцсон, ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч Р.Мөнхбат хэлэхдээ, “Манай төвд 2011 оноос тухайн үеийн элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Энэ хугацаанд БНСУ, АНУ, Энэтхэг, Япон зэрэг орны эмч мэргэжилтнүүдээс туршлага судалж, тэр дундаа БНСУ-ын Самсунгийн төв эмнэлэгтэй хамтын гэрээ байгуулж ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд, хоёр орны эмч нар харилцан туршлагаа хуваалцсанаас гадна эмнэлэг маань дэлхийн стандартад нийцсэн эмчилгээний тоног төхөөрөмжтэй болсон” хэмээн тодотголоо.

Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах мэс засалд 100 сая төгрөг төсөвлөдөг байсан бол энэ жил 65 сая төгрөг болж буурсныг хэлсэн юм. Түүнчлэн ирэх 3 дугаар сард Эрхүү хотод элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхлэхэд ХСҮТ-ийн эмч нар хамтран ажиллахаар болсон тухай дуулгав.

Харин Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 онд анх хийж, одоогийн байдлаар 65 хүнд элэг, 174 хүнд бөөр шилжүүлэн суулгаад байгаа аж. Мөн ясны чөмөг шилжүүлэх мэс засал хийж эхэлсэн бөгөөд хувийн эмнэлгүүд нүдний эвэрлэг бүрхэвч болон үр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байгаа юм.  


Б.Дэнзэнсамбуу

Холбоотой мэдээ