Монгол-Японы сургалтын бааз эмнэлэг ирэх сард ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-25 18:03:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Муцуми Сатог өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол-Японы сургалтын бааз эмнэлгийн талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, Монгол Улсад анх удаа сургалтын бааз эмнэлэг байгуулах төслийг ЖАЙКА олон улсын байгууллага БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ ЖАЙКА уг эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт менежментэд Япон улсын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх төслийг 2017 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байгаа юм. 

Одоогоор тус эмнэлгийн барилгын ажил, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаа дууссан бөгөөд энэ сарын сүүлч 3 дугаар сарын эхээр тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Үүний дараа сургалт, дадлага хийх юм.

Сургалтын эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологиор хангагдсан, чанартай тусламж, үйлчилгээтэй Монгол Улсын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болох зорилготой. Иймд Японы талаас эмнэлгийн статусыг тодорхой болгож, баталгаажуулах, сургалтын эмнэлгийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, магадлан итгэмжлэл олгох, төсвийг баталгаажуулах, Япон улсад эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн эмч мэргэжилтнүүдийг түлхүү ажиллуулах зэрэг хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам, тамгын газрууд шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Холбоотой мэдээ