Эрүүл мэндийн салбарын шилдгээр таван эмч тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-30 10:50:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Монголын анагаахын мэргэд” сан нохой жилийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Анх удаа зохион байгуулж буй тус үйл ажиллагаа “Сумын шилдэг эмч”, “Аймгийн шилдэг эмч”, “Шилдэг сувилагч”, “Шилдэг судлаач”, “Шилдэг нарийн мэргэжлийн эмч” гэсэн төрлөөр, шилдгүүдийг хоёр үе шаттай шалгаруулсан юм.


“Сумын шилдэг эмч”-ээр Ховд аймгийн Мөст сумын сум дундын эмч Ж.Пүрэвбаатар, “Аймгийн шилдэг эмч”-ээр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн зөвлөх эмч Ц.Одончимэг, “Шилдэг сувилагч”-аар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Д.Ганцэцэг, “Шилдэг судлаач”-аар П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч О.Цэцгээ, “Нарийн мэргэжлийн шилдэг эмч”-ээр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал нар тодров.


Ховд аймгийн Мөст сумын сум дундын эмч Ж.Пүрэвбаатар хэлэхдээ, “АУДС-ийг 1987 онд төгссөнөөс хойш өнөөг хүртэл хөдөө орон нутгийнхаа ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Монгол Улсын нийт 330 гаруй аймаг, сумын эмч нарын дундаас миний хичээл зүтгэлийг үнэлж анхны сумын шилдэг эмчээр шалгаруулж байгаад туйлын баяртай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын анагаах ухааны салбар маш хурдацтай хөгжиж байгаа билээ. Бидний үед аппарат, чагнуураар л үзлэг хийдэг байсан бол өнөөдөр сумандаа бүх төрлийн нарийн шинжилгээ, эмчилгээ хийдэг болсон нь тун бахархууштай юм” гэв.

Шагнал гардуулах ёслолд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, “Монголын анагаахын мэргэд” сангийн тэргүүн академич, Анагаах ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн болон бусад албаны төлөөлөгч оролцов. 


Д.Урансолонго

Холбоотой мэдээ