Аймгийн шилдэг илтгэгч багш нар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-31 11:24:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Боловсрол, соёл, урлаг, спортын газраас аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд "Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ" сэдвийн дор 2018-2019 оны хичээлийн жилийн шилдэг илтгэл, шилдэг судлаач багш нарыг шалгаруулах илтгэлийн уралдаан зохион байгуулжээ.

Тус уралдаанд 18 сургууль, 13 цэцэрлэгийн багш 33 илтгэлээр оролцжээ.

Энэ жилийн илтгэлийн уралдаанд цэцэрлэгийн багш нарын оролцоо өндөр, оролцогчдын ур чадвар урьд жилүүдийнхээс өндөр байсан хэмээн тус уралдааныг зохион байгуулагчид дүгнэж байна.

Илтгэлийн уралдаанд Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн физикийн багш Ө.Баянсан, Ж.Долгорсүрэн, А.Уранчимэг нарын "Сургалтын хэрэглэгдэхүүнийг хамтран бэлтгэх явцад багш хөгжих нь" илтгэл түрүүлж, улсын уралдаанд оролцох эрх авчээ.

Нэгдүгээр байрын шагналтнууд физикийн хичээлд багш нар хамтран бэлтгэх явцдаа гарын доорх материал болон шинэ технологи, программуудыг ашиглан өөрсдийгөө илүү хөгжүүлэх боломж байна гэсэн санааг дэвшүүлэн тавьснаа илтгэлдээ онцолжээ.

Илтгэлийн уралдааны удаах байранд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Тогоохүү Ш.Мөнхзул, М.Нямаа, Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн багш Б.Сүнжидмаа, 3-р байранд Цэгц билиг сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Т.Мөнхбат, монгол хэл, уран зохиолын багш Н.Цэвэлмаа, мэдээллийн технологийн багш Б.Түвшин-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.

Өнгөрсөн жилийн Илтгэлийн улсын уралдаанд Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш А.Уранчимэг, Ө.Баянсан нар амжилттай оролцож, тэргүүн байр эзэлж байсан бол энэ жилийн улсын уралдаанд дахин оролцож, ийнхүү ур чадвараа сорихоор болжээ. 

Холбоотой мэдээ