"Футзалын Үндэсний цом" тэмцээний цомыг Дархан-Уулын баг үүрд хадгалахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-01 09:44:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг "Футзалын Үндэсний цом-2019" тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн Дархан-Уул аймгийн баг тамирчид ”Дээд шатны шилжин явах цом”-ыг гурван удаа тэргүүлсэн амжилтаараа аваргын алтан цомыг үүрд хадгалж үлдлээ.

"Футзалын үндэсний цом" тэмцээн энэ жил анх удаа "Дээд шат", "Нэгдүгээр шат" гэсэн хоёр шатлалаар болсноороо онцлог байлаа.  

Ингээд “Үндэсний цом-2019 тэмцээний нэгдүгээр шатны тэмцээнд “Шилдэг хаалгач”-аар Увс аймгийн Ж.Дашням, “Шилдэг довтогч”-оор Баян-Өлгийн Б.Антон, “Шилдэг тоглогч”-оор мөн аймгийн Н.Тильсан нар шалгарчээ. Мөн тус тэмцээний дээд шатныхад ”Шилдэг хаалгач”-аар Дархан-Уул аймгийн Ж.Энхбаяр, “Шилдэг довтлогч”-оор Орхон аймгийн Ц.Мөнх-Эрдэнэ, “Шилдэг тоглогч”-оор Сэлэнгийн Г.Батболд, “Шилдэг шүүгч”-ээр Орхон аймгийн Г.Нарангэрэл нар тодорлоо. Тэмцээний нэгдүгээр шатны шилдэг багаар тэргүүн байрт Эртбэ дасгалжуулагчтай Баян-Өлгий аймаг, дэд байрт н.Пүрэвхүү дасгалжуулагчтай Увс аймаг, гутгаар байрт н.Өсөхбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар аймаг, дээд шатны шигшээ багуудаас тэргүүн байрт н.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, удаах байруудад н.Отгонбаяр дасгалжуулагчтай Орхон аймаг, Н.Энхтөр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тус тус шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг "Футзалын Үндэсний цом-2019" тэмцээн энэ сарын 22-30-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо амжилттай болж, 18 аймгийн 200 гаруй баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.  

Сэлэнгэ аймаг хөлбөмбөгийн түүхэнд өөрийн гэсэн зам мөрөө үлдээж яваа аймгуудын нэг бөгөөд Сэлэнгэ нутгийн хүү Г.Ганбаяр Монголын хөлбөмбөгчдөөс анх удаа Европын тавцанд хөл тавьж эх орон, нутаг усныхаа нэрийг мандуулж яваа гэдгээрээ бахархал болж байгаа юм. Мөн тус аймгаас шигшээ багийн үе үеийн дасгалжуулагчид болох Д.Цогт, Б.Хишигням, Н.Энхтөр, Д.Ганхуяг нараараа бахархдаг. Эдгээр багшийн шавь нараас Ц.Энхтөр, Д.Эрдэнэ-Очир, Д.Баяр-Зориг нар Олон улсын хэмжээний мастерын болзлыг хангасан байдаг.

 

Холбоотой мэдээ