Өгий нуурын эко системийг хамгаалахад энэ онд 200 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-01 11:48:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгий нуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах ажилд 2019-2020 онуудад нийт 400,0 сая төгрөгийг улсын төсөвт суулгасан байна. Үүнээс 2019 оны төсөвт 200,0 сая төгрөг тусгажээ.



Өгий нуурт хамгийн сүүлд 2006 онд судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар нуурын тойрог нь 24,5 км, 129 зүйлийн шувуу, 15 төрлийн загас, 266 зүйлийн ургамал байна гэж гарчээ. Өгийнуурыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, дунджаар 3000 орчим дотоод, гадаадын аялагчид очдог байна.  


Монгол Улсад олон улсын Рамсeрын гэрээнд нэгдсэн хоёр нуур байдгийн нэг нь Архангай аймаг дахь Өгий нуур, нөгөө нь Сүхбаатар аймаг дахь Ганга нуур юм. Энэ хоёр нуур ховор загас шувуу, ан амьтдын ундаалах эх болдог байна. Гэвч зохион байгуулалтгүй аялал жуулчлал, даац нь хэтэрсэн мал аж ахуй болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж дээрх хоёр нуур бохирдож, ширгэж, жилээс жилд эко систeм нь алдагдсаар байгаа юм. Тиймээс Өгий, Ганга нуурыг хамгаалах Засгийн газрын тогтоол гарч, тодорхой төсөв тусгаж өгчээ.



Уг төсвийг хэрхэн зарцуулж, нуурын хамгаалалтыг яаж хийх, усны түвшинг хэрхэн нэмэгдүүлэх талаар Өгий нуур орчимд амьдардаг иргэд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, БОАЖЯ-ны ажлын албаныхан санал солилцсон байна.



Эхний ээлжинд Өгий нуурыг хамгаалахын тулд оролт, гаралтын суваг, шуудуу татаж нуурын усыг цэврээр нь хамгаалж үлдэх шаардлага байгааг уулзалтад оролцогчид онцолж байна. Өгий нуурын өмнө тулгамдсан бас нэг асуудал нь загас агнуур бөгөөд хэдэн жилийн өмнө элбэг байсан загас одоо эрс багасчээ. Тиймээс загасны нөөцийг тогтоож, нөөц эрс багассан байвал агнуурыг хориглох шаардлагатай байгааг онцолж байна. Мөн Өгий, Ганга нуурыг хамгийн ихээр бохирдуулж байгаа малын хөлийг хорьж, нууранд завь явуулахгүй байх, хамгаалалтын хашаа татах зэрэг арга хэмжээ авах саналууд гарчээ. Түүнчлэн нуурыг тойрсон жуулчны баазуудын даац хэтэрсэн гэгддэг учир энэ асуудлаар ч мөн судалгаа шинжилгээ хийж, тодорхой арга хэмжээ авах шаардлага байгааг нутгийн иргэд онцолж байгаа юм.

Холбоотой мэдээ