Улаанбурхан өвчний дэгдэлт 346 хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-15 16:27:29

Дорноговь аймгийн хэмжээнд энэ оны 1 дүгээр сарын 02-ноос эхлэн улаанбурханы халдварын дэгдэлт гарснаас хойш өнөөдрийн байдлаар өвчлөл 346 бүртгэгдэж  дэгдэлт тууштай буурахгүй байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын  54 хувь нь  Сайншанд суманд,  Замын Үүд суманд 27 хувь, Өргөн, Айраг, Даланжаргалан, Иххэт, Хатанбулаг, Сайхандулаан, Хөвсгөл, Эрдэнэ, Улаанбадрах, Мандах, Зүүнбаян зэрэг суманд 18 хувийн өвчлөл бүртгэгдээд  буй.

Өвчилсөн хүмүүсийн 25 хувь нь  0-1 насны, зургаан хувь нь 2-9 насны, 13 хувь нь  10-14 насны, 25 хувь 15-24 насны, 28 хувь нь  24-44 насны, 0.6 хувь нь 45 аас дээш насныхан эзэлж байгаа аж.

Мөн вакцинжуулалтад хамрагдах нас нь болоогүй, дутуу хамрагдсан бага насны хүүхэд болон насанд хүрэгсэд уг халдвараар голлон өвдөж, суурь өвчтэй, дархлаа сул бага насны хүүхдүүд хатгаа, энцефалитаар хүндэрч байгаа аж. Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, халдварлалт өндөртэй, агаар дуслын замаар халдварладаг цочмог өвчин юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ