Жинст суманд говийн бүсийн тэмээчдийн баяр боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-02-15 11:35:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Тэмээ тэнгэрийн амьтан-2019" говийн бүсийн тэмээчдийн баяр Баянхонгор аймгийн Жинст суманд боллоо. Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, аялагч жуулчдыг татах зорилготой тус арга хэмжээ Баянхонгор аймагт 16 дахь жилдээ болж буй нь энэ юм.

Энэ сарын 11-13-нд болсон баярт хил залгаа аймаг, сум, хот суурингаас ирсэн зочид төлөөлөгчид, тэмээчид оролцжээ. Энэхүү арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр тус эвентийг анхлан санаачлагч Bodios Cashmere, хамтран зохион байгуулагчаар Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн Жинст сумын ЗДТГ, Баянхонгор аймгийн Тэмээчдийн холбоо, "Говийн сэргэлт сан" ТББ, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Тэмээн соёл уралдааны холбоо тус тус ажилласан байна.

Баярын үеэр тэмээчдийн зөвлөлгөөн, шилбэ, тайлаг тэмээний уралдаан, хурдан атны уралдаан, хурдан торомны уралдаан, шилмэл буур шалгаруулах, шилмэл ингэ шалгаруулах, сайхан тэмээтэй хос шалгаруулах, буйл зорох, бурантаг томох, тэмээний тухай ерөөл, магтаалын тэмцээн, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ унуулах болон урлаг, соёлын арга хэмжээ тус тус зохион байгуулагджээ.

Хурдан тэмээний уралдаанд тором найман км, тайлаг тэмээ 12 км, атан тэмээ 16 км зайд уралддаг юм байна.

Сонирхуулахад, Тэмээчдийн баярыг Баянхонгор аймгийн говийн бүсийн тэмээ бүхий сумдад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд ирэх жил Богд суманд болохоор товлогдсон байна.